Жилд ганц тохиодог Эх үрсийн баяраар одонгоо авч, хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа ээжүүдийн дунд хэдийгээр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч одонгоо авч чадаагүй, ойр дотнын хүмүүсээ алдсан Дархан-Уул аймгийн иргэн Ч.Оюунхүү гэдэг эмэгтэйтэй манай сэтгүүлч уулзаж, ярилцсан билээ.
Чулуунбаатарын Оюунхүү нь Дархан-Уул аймгаас ирсэн. Түүний хувьд хэдийгээр дөрвөн хүүхэд төрүүлсэн боловч, ууган охин маань 14 насандаа нас барсан учир надад одон өгөөгүй хэмээн учирлан ярьсан.
Уг ярилцлагын дараа манай телевиз болон сайт руу маш олон хүн хандаж, хэрхэн яаж туслах уу хэмээсэн. Ингээд түүний байрлаж байгаа буудалд очин уулзаж, ярилцлаа.
Ч.Оюунхүү: Өнөөдрийн хүртэл буудалдаа байгаа. Энэ сарын 25-нд буудлын түрээс дуусаж, цаашид түрээслэх мөнгөгүй болчхоод байна. Тухайн үед танай телевиз ярилцлага өгөхдөө дутуу хагас ярьсны улмаас зарим нэг хүмүүст буруу зөрүү ойлголт төрүүлсэн юм шиг байна лээ. Миний хувьд маш хүнд хавдрын хагалаа хийлгээд гараад удаагүй байсан. Эмнэлэгт байх хугацаанд бие муутай дунд хүүгийн маань тэргэнцрийг хулгай хийсэн. Өдий 14 настай хүүгээ үүрээд ажил төрөл, бусдаас тусламж хүсээд явах хэцүү. Манай хүү эмчийн заавраар толгойны эм уудаг тухайн эм нь тайвшруулах үйлчилгээтэй тул унтаж таардаг. Гэхдээ өдөртөө цай, хоол ундыг өгдөг.
Одоогоор эгчийнх нь биеийн байдал хүнд байна. Даралт өндөр гараад өчигдөр орой түргэн дуудсан. Хөл хорио гээд хүүхдүүдээ аваад Дархан-Уул аймаг руу явах боломж алга байна. Том хүү маань ажилтай тул хүүгийнхээ цалингаар амьдарч байна. Зээлийн асуудлаас болоод миний дансыг хаасан үүнээс болж, халамж, тэтгэврийн мөнгөө авч чадахгүй байна.
-Тэр зээл ямар учиртай вэ. Иргэдийн хувьд 2014 онд авсан тэтгэврийн зээлийг тэглэсэн шүү дээ хэмээн ярьж байсан.
-Тэтгэврийн зээл биш л дээ. Ээжийнхээ хашаа байшинг барьцаалаад 2014 онд Сум хөгжүүлэх сангаас таван сая төгрөгийн зээл авсан. Тухайн үед миний бие 2.5 сая төгрөгийн зээлээ цаг хугацаанд төлсөн. Ээж маань үлдсэн 2.5 сая төгрөгөө тэтгэврийн зээл аваад төлсөн гэж надад хэлж байсан. Ингээд ээж маань 2016 онд өнгөрсөн. Гэтэл дөрвөн жилийн дараа Шүүхээс зээлээ төлөөгүй тул хүүгийн хүү бодогдон таван сая төгрөг төлөх шаардах бичиг ирж, миний дансыг хаасан. Ингээд төлсөн гэж бодсон зээл төлөгдөөгүй байж таараад ийм их хэмжээний өрөнд орчихсон. Ингээд хүүхдийн мөнгөөрөө зээлээсээ бага багаар төлж байсан ч миний бие муудаж, хавдартай болсон тул хагалгаанд орсон. Ингээд аргагүй хүүхдүүдтэйгээ хотод ирж амьдарч байна.
-Хүмүүс тусалж, дэмжиж байна уу?
-Надтай маш олон хүн ярьсан. Би ямар ийм тусламж хүсэж байна гэж нэрэлхээд хэлж чадахгүй юм. Нэг хуульч зээлийн асуудалд туслахаа илэрхийлсэн. Хашаа байшинд амьдраач гэсэн. 14 настай, есөн настай энэ хоёр хүүхдээ өдөртөө орхиод гарахаар гал түлэх зэргийг хийж чадахгүй тул нэгдсэн халуун ус, дулаантай байр түрээслээд амьдарч байна. Данс хаагдсан болохоор тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөө авч чадахгүй байна.
Миний ээж намайг өртэй үлдээгээд өөд болсон. Гэтэл нэг л өдөр миний бие муудаад том хүүгээ зургаан сая төгрөгийн өртэй, хоёр дүүтэй нь үлдээгээд үхчихвий гэж айж байна.
Тусламж өгөх хүмүүс 99438746, том хүү Үүрэнцолмон Хаанбанк данс: 5132078095
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.