Энэтхэгийн баруун хэсгийн Мумбай хотод хүчтэй аадар бороо орсны дараа гурван давхар хуучирсан барилга нурж, дор хаяж 11 хүн амиа алдан, долоон хүн гэмтжээ.
Одоо аврах багийн олон арван алба хаагч барилгын нурангийг цэвэрлэн, доор нь дарагдсан байж магадгүй оршин суугчдыг олж илрүүлэхээр ажиллаж байгаа гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. Сүүлийн өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Мумбай хотын хэд хэдэн хэсэг үерт автаад байгаа бөгөөд тус барилга нь өнгөрөгч лхагва гарагийн орой нурсан аж.
Хотын Малад Уэст бүсийн ядуусын хороололд орших уг барилга өөр нэгэн барилгын дээр нуран унасан гэж "Шинэ Дели Телевиз" сувгаар мэдээлжээ. Эргэн тойрны оршин суугчид гал сөнөөгчид болон цагдаа нартай нэгдэн, нурангид дарагдсан иргэдийг аврах ажиллагаанд оролцсон бөгөөд гэмтэж, бэртсэн долоон хүнийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.
Мумбай хотод сүүлийн 12 цагийн дотор 222 миллиметрт хүрсэн хур тунадас буусан гэнэ. Мөн далайн давлагаа 4.6 метрт хүрч байгаа учир борооны усыг зайлуулах боломжгүй байгаа бөгөөд авто зам, хорооллууд үерт автжээ.
Энэтхэгт 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд тохиодог борооны улирлын үеэр барилга нурах явдал элбэг байдаг бөгөөд стандартын шаардлага хангаагүй байгууламжуудын суурь нь борооны усанд дорхноо сулардаг аж.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.