Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ялалтын гол шалтгаан юу байсныг тоймлон хүргэе.
МАХН-ыг өөртөө нэгтгэсэн явдал МАН-ыг ялалтад хөтлөв
МАН-ын саналыг 2012 оноос хойш тасралтгүй хувааж, хүчгүйдүүлсээр ирсэн улстөрийн хүчин бол МАХН. Тус намаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар л гэхэд нийт сонгогчдын 30.19 хувийн саналыг авч, МАН-ыг ялагдалд хүргэж байв. Тийм ч учраас МАН-ынхан уг гашуун түүхийг давтахгүйн тулд улстөрийн хүчтэй өрсөлдөгч болох МАХН-тай олон удаа хэлэлцээрийн ширээний ард сууж, намынхаа бүх шатны удирдах албан тушаалын 30 хувийг МАХН-ынханд өгөх тохиролцоог хийснээр тэднийг өөртөө нэгтгэж чадсан. Ингэх шалтгаан ч У.Хүрэлсүхэд байсан. Учир нь тэрбээр 2011 онд МАХН-ын ЕНБД-аар ажиллаж байх хугацаандаа намынхаа нэрнээс ХУВЬСГАЛТ гэх нэршлийг авч, орчин цагийн МАН болгох санаачилгыг гаргаж, ажил хэрэг болгосон. Гэвч энэ шийдвэр тус намыг хоёр хуваагдахад хүргэж, туршлагатай улс төрч Н.Энхбаярт шинэ нам байгуулан туурга тусгаарлах давуу талыг бий болгосон. Энэ том алдаагаа хэзээ нэгэн цагт "цайруулах" үүрэг У.Хүрэлсүхийн цээжний мухарт байсаар байсан нь үнэн. Хоёр нам нэгдсэн шийдвэр хэдийгээр МАН-д асар хохиролтой боловч Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах хамгийн гол нөлөөг үзүүлсэн нь үнэн.
АН-ын дотоод хагарал У.Хүрэлсүхэд давуу талыг бий болгов
Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн сонгууль болохоос ердөө зургаан сарын өмнө гэнэтхэн тамга тэмдгээс үүдэлтэй талцалд хуваагдалд живсэн. Энэ асуудал даамжирсаар эцэстээ АН-аас байж болох хамгийн муу хувилбар болох С.Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвшсэн нь У.Хүрэлсүхийг шууд ялалтад хөтөлсөн. С.Эрдэнийн оронд Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Л.Гүндалай нарын аль нэг нь нэр дэвшсэн бол энэ удаагийн сонгууль хоёр үе шаттайгаар үргэжлэх ёстой байлаа. С.Эрдэнийг нам нь дэмжээгүйгээр барахгүй, баг нь ч хүчтэй ажилласангүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос нэг хоногийн өмнө АН-ын төв штаб болох Шонхор тауэрт цэвэрлэгч, жижүүр хоёроос өөр хэн ч байхгүй байсан нь тэднийг энэ удаагийн сонгуульд тус нам ямар идэвхгүй оролцсоны нотолгоо мөн.
У.Хүрэлсүх ард иргэдэд сайтар танигдсан учраас үнэмлэхүй ялалт байгуулсан
"Зөв хүн электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын хувьд эзэмшсэн мэдлэг боловсол өндөртэй, ажил амьдралын замнал цагаан болохоор нэлээн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан болох нь өнгөрсөн сонгуулийн үр дүнгээс тодорхой харагдлаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгууль болохоос 30 хоногийн өмнө нэр дэвшигчээр тодорсон мөртлөө нийт сонгогчдын 20.1 хувийн саналыг авч чадсан нь үүнийг гэрчилнэ. Гэхдээ түүнийг хөдөө орон нутгийн сонгогчид огт танихгүй байсан нь түүний хамгийн гол сул тал байв. Тэгэхэд У.Хүрэлсүх өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайдын албыг хашихдаа олон жилийн турш дуншсаар ирсэн төмөр зам, нефть боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, Улаанбаатар утааны асуудлыг шийдсэн учраас улс орон даяар сайтар танигдаж, бусдаасаа хол илүү нэр хүндтэй байж чадсан нь түүнийг ялалтад хөтөллөө.
Залуучууд сонгуульд идэвхгүй оролцсон нь У.Хүрэлсүхэд ялалт авчирсан
Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль хамгийн бага ирцтэй байсан гэдгээрээ түүхэнд бичигдэж үлдлээ. Нийт сонгогчдын ердөө 52-хон хувь нь л Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нь У.Хүрэлсүхэд асар том давуу талыг бий болгов. Учир нь сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог 55-аас дээш насныхан бараг бүгдээрээ МАН, МАХН-ын угшилтай учраас тэд хэнийг сонгох нь ойлгомжтой. Харин асуудалд тэс өөр үзэл, хандлагаар ханддаг залуучууд, тэр тусмаа 18-25 насныхан энэ удаагийн сонгуульд бараг саналаа өгөөгүй нь У.Хүрэлсүхийг үнэмлэхүй ялалт байгуулахад хүргэлээ.
МАН-ын мөрийн хөтөлбөр сонгуульд ялалт байгуулах томоохон шалтгаан болж чадсан
Нуулгүй хэлэхэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ба бэгүй уншаад суудаг хүн Монголд байхгүй. Гэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьсан зүйл нь ард иргэдэд ихээхэн таалагдаж, өөртөө оноо авах гол шалтгаан болж чадсан. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ хийсэн гол ажлууд болох стратегийн орд газруудаа төрд буцаан авах, ахмадын тэтгэвэрийг тэглэсэн асуудал, төмөр замын бүтээн байгуулалт, нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр болон Монросцветметийг 100 хувь төрийн мэдэлд авсан үйл явцаа иргэдийн сэтгэлийг хөдөлтөл нь ярьж, энэ бүх ажил цаашид үргэлжилнэ. Надтай нэг баг болж ажилласан хүмүүс одоо УИХ, Засгийн газрыг бүрдүүлж байгаа. Тэдэнтэйгээ нэг зүгт харж, нэг зорилгын төлөө үргэлжлүүлэн зүтгэмээр байна хэмээсэн нь иргэдэд ихээхэн итгэл үнэмшил төрүүлсэн.
АН, ХҮН-ынхан мөлхөө сурталчилгааг хийгээгүй нь У.Хүрэлсүхэд давуу талыг бий болгосон
Сонгуулийн ажлын хамгийн гол нөлөөллийн нэг нь мөлхөө сурталчилгаа байдаг. Өөрөөр хэлбэл ухуулах байр, зурагт хуудас, тараах материал, тролл багийн тасралтгүй үйл ажиллагаа нь сонгогчдын саналыг татах гол шалгууруудын нэг байдаг. Хөрөнгө мөнгө, хүний нөөц зэргээс болсон уу АН болон ХҮН-ынхан аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороод бүрт өөрсдийн ухуулах байрыг байгуулаагүй. Тэр ч битгий хэл айл бүрд сурталчилгааны материалаа тарааж чадаагүй.
Эцэст нь дүгнэж хэлэхэд эдгээр үндсэн гол шалтгааны улмаас У.Хүрэлсүх бусад нэр дэвшигчдээсээ үнэмлэхүй олон санал авч ялалт байгууллаа. Ирэх зургаан жилд тэрбээр Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллахдаа эх орондоо ямар өөрчлөлт шинэчлэлт авчрахыг цаг хугацаа харуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эх орноо гадаад өрнөөс нь салгаж цэцэглэн хөгжүүлээрэй
Hytadtai l bitgi ih sujreesei bilee.Oros ulstai hariltsaagaa urgjuuleh heregteidee
Шудрага ёсыг л хүсэж сонгосон шүү одоо харж л сууя