Өмнөд Солонгосын Гуанжу хотын таван барилга хажууд нь зогсож байсан нийтийн тээврийн автобус дээр нурж унан, дор хаяж есөн хүн амиа алдаж, найман хүн хүнд гэмтсэн гэж гал сөнөөгчид мэдээлжээ.
Албаныхан өнгөрөгч лхагва гарагийн 16:22 цагт энэ талаар дуудлага хүлээж авсан байна. Осол уг барилгыг нураах ажлын үеэр гарсан бөгөөд ойролцоох автобусны зогсоол дээр зогсож байсан автобус бүхэлдээ дарагдсан гэж гэрчүүд мэдээлжээ.
Ингээд аврах багийн алба хаагчид яаралтай ажиллан, лхагва гарагийн 20:20 цагийн байдлаар ослын улмаас нийт 17 хүн хохирсон гэж тогтоосон ба тэдний ихэнх нь автобусны зорчигчид юм. Нуранги дор дарагдсан иргэдийн ес нь аль хэдийн нас барсан байсан бол бусад найман хүн нь маш хүнд шархадсан бөгөөд тэднийг ойролцоох эмнэлгүүдэд хүргээд байгаа аж.
Түүнчлэн уг осолд хоёр суудлын автомашин өртсөн байж магадгүй гэх мэдээлэл байсан хэдий ч барилга нурах үеийн бичлэг ил болсны дараа эдгээр иргэд амжин зугтсан нь тогтоогджээ.
Одоо аврагчид барилгын нуранги дор дарагдсан байж болзошгүй барилгын ажилтнууд эсвэл явган зорчигчдыг хайж байгаа юм. Мөн нуралтын шалтгааныг хараахан тодорхойлоогүй байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.