ХБНГУ-ын цагдаагийн байгууллагаас тусгай баг байгуулан, коронавирусийн эсрэг вакцины хуурамч гэрчилгээний наймаатай тэмцэж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Гэмт хэрэгтнүүд "Телеграм" мессенжерийн платформыг ашиглан, нууц кодоор харилцаж байгаа нь мөрдлөгийн ажиллагааг хүндрүүлж байгаа гэдгийг Кёльн хотын цагдаа нар мэдэгдсэн байна. Албаныхны хэлж байгаагаар зарим иргэд хуурамч гэрчилгээ авахаар ойролцоогоор 122 ам.доллар төлж байгаа хэдий ч юу ч хүлээж авалгүй, хууртагдаж байгаа аж.
Эдгээр иргэд нь вакцины аюулгүй байдлын талаар эргэлзэн, цар тахлын талаарх албан ёсны мэдээллийг үгүйсгэж байгаа бөгөөд үүний улмаас "Телеграм" дээрх хар захын наймаа нь вакцин тариулахаас татгалзсан хүмүүсийн төв болоод байгааг энэхүү шинэ төрлийн гэмт хэргийн мэргэжилтэн Миро Диттрих онцолсон байна. Учир нь вакцины гэрчилгээ нь тэднийг зоогийн газар болон бусад үйлчилгээний газраар үйлчлүүлэх эрхийг нээж өгөн, гадаад аялал жуулчлалын боломжийг олгох юм.
Германы хууль хяналтынхан уг хууль бус наймааны цар хүрээг үндэсний хэмжээнд тодорхойлохыг хичээсээр байгаа аж. Одоогийн байдлаар тэд зургаан этгээдийг баривчлан, хэргийг шалгаж байгаа гэнэ. Хуурамч гэрчилгээ олгосон эсвэл ашигласан нь нотлогдсон хүмүүст хатуу ял шийтгэл оногдуулах бөгөөд хорих ял ч олгож магадгүй юм.
Одоогоор тус улсын насанд хүрэгчдийн 44-өөс дээш хувь нь дор хаяж нэг тунгаа тариулаад байгаа бөгөөд нийт хүн амын 18-аас дээш хувь нь "Ковид-19"-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдаад байна.
Улс хоорондын аялал жуулчлалыг хөнгөвчлөхийн тулд Европын Холбооноос коронавирусийн "паспорт" -ыг нэвтрүүлж эхлээд байгаа билээ.
Эх сурвалж: BBC