Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар олгож, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаа асуудалтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ сарын 21-нд газар дээр нь очиж ажилласан. Энэ үеэр Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосноос 19 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг нь цуцлах арга хэмжээ авахыг үүрэг болгосон.
Гэвч газар дээрээ өдөр, шөнөгүй зарим барилгын компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байгаа тул иргэн Ж.Энхбат нийслэлийн Засаг даргад дахин шаардлага хүргүүлэв.
Ж.Энхбат: Найм хоногийн өмнө аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцална гэж мэдэгдсэн. Төрийн ажил маш удаан байна. Өдөр, шөнөгүй цаг тутамд Туул голын бургасыг хядаж байна. Нэн яаралтай асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байна.
Нийслэлийн Хуулийн хэлтсийн мэргэжилтэн шаардлагыг хүлээн авсан бөгөөд “Тухайн газар эзэмшигч нар луу удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. 30 хоногийн дотор мэдэгдлийн хариуг ирүүлэх ёстой” гэсэн юм.
22 аж ахуйн нэгж 12 байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 72 цагийн дотор цуцалж, нөхөн сэргээлт хийхийг шаарджээ. Шаардлагын хариуг хэрэгжүүлэхгүй бол иргэний нийгмийн байгууллага, ард иргэд хамтран Туул голын эрэг дагуу суулт хийнэ гэж мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.