МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг гаргасан тушаалаа цуцлахыг шаардаж продюсер Ц.Лхагвадаш суулт зарлажээ.
Продюсер Ц.Лхагвадаш: Миний бие МҮОНРТ-д 31 дэх жилдээ ажиллаж байгаа. Шинэ удирдлагын баг өнгөрсөн намар сонгогдсон. Энэ дагуу миний бие спортын захирлын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Манай хамт олон шинэ удирдлагын багтайгаа хамтран ажиллана гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сард МҮОНРТ-ийн Тамгын газрын даргаар Б.Даваажавыг томилсон. Б.Даваажавын хувьд өмнө нь авлигын хэрэгт холбогдож, сургуулийн захирал байхдаа бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгтээ ажлаасаа халагдаж, одоо хүртэл шийтгэл хүлээх нь байтугай МҮОНРТ-ийн хариуцлагатай албан тушаалд томилогдсонд манай хамт олон дургүйцсэн.
Түүнд төрийн өндөр босготой байгууллагын хаалгыг нээж өгсөн хүн нь МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар гэдэгтэй олон хүн санал нийлж буй. МҮОНРТ-ийн Тамгын газрын даргаар Б.Даваажавыг түр томилсныг эсэргүүцэн 100 гаруй залуус холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн. Гэвч аль ч шатанд бид нарын шаардлагыг хүлээн аваагүй. Энэ хооронд зарим нэг залуучуудыг дарамталж, ажлаас халсан. Шаардлагын хариугаа авч чадахгүй байгаа учраас хувь хүний хувьд суулт зарлан, өлгөлөн зарлахаа илэрхийлж байгаа юм. Залуучууд маань надтай хамт суулт зарлахыг хүссэн ч жагсаал, цуглааны хуулийн дагуу олон хүн цугларахгүй байх шаардлагын дагуу ганцаараа суулт зарласан.
МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн дарга М.Наранбаатар суулт зарласан продюсер Ц.Лхагвадаштай уулзаж, түүний шаардлагыг хүлээж авлаа. Асуудлыг аль болох шийдэх талаас нь хоёр тал ярилцах болно гэсэн хариулт өгсөн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.