Конгогийн зүүн хэсгийн Гома хотын Нирагонго галт уул өнгөрөгч бямба гарагийн шөнө дэлбэрч, дор хаяж 15 хүн амиа алдан, 500 гаруй байшин галд шатан, үгүй болсон гэж албаны хүмүүс мэдээлжээ.
Галт уул дэлбэрэхээс өмнө орон нутгийн оршин суугчид ямар ч анхааруулга хүлээж аваагүй гэж амьд гарсан иргэд мэдэгдсэн байна. Шөнийн харанхуйд тэнгэр гэнэт улаан өнгөөр гэрэлтэж эхлэхэд хүмүүс яаран сандран зугтсан бөгөөд үүний улмаас үүссэн эмх замбараагүй байдлын үеэр мөн хэд хэдэн хүний амь үрэгджээ. Галт уулын хайлмаг буух үеэр олон тооны байшин шатсаны улмаас одоо тус бүс нутаг өтгөн утаанд дарагдаад байгаа аж.
Гома хотын таван мянга орчим оршин суугч хөрш зэргэлдээ Руанда улс руу дүрвэсэн бол 25 мянган хүн баруун хойд зүгийн Саке хот руу очиж, орогнол эрэлхийлсэн хэмээн НҮБ-ын Хүүхдийн агентлагаас мэдээлсэн байна. Мөн ням гарагийн байдлаар 170 гаруй хүүхэд сураггүй алга болоод байгааг тэмдэглэжээ.
Нирагонго галт уул хамгийн сүүлд 2002 онд дэлбэрсэн бөгөөд тухайн үед Гома хотын хэдэн зуун оршин суугч нас барж, 100 мянга гаруй хүн орон гэргүй болж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.