"Хан хиллс" хотхоны баруун талд барилгын компани бургас огтлоод байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр ажиллажээ. Туулын сав дагуу олгогдсон 19 газрын зөвшөөрлийг цуцална гэж мэдэгдэхийн сацуу Ривер гардены гудамжийг Зайсангийн гүүртэй холбох асуудлыг дахин хөндсөн байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хан хиллс", "Ривер гарден” хотхоноос баруун тийш үерийн далангийн урд хэсгээр нэг км орчим авто зам барих асуудлаар тус газарт ажилласан юм.
Учир нь дээрх хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийш гарах гарцтай бөгөөд ихээхэн түгжрэл үүсгэдэг байна. Тиймээс баруун тийш авто зам тавьж, Зайсангийн замтай нийлүүлэх ажлыг хийх чиглэлийг холбогдох албаныханд үүрэг болгосон билээ. Тус авто замын ажлыг хийж гүйцэтгэхэд хэд хэдэн байршилд замын трасст орж байгаа бургаснуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа аж. Тиймээс Хотын дарга бургаснуудыг технологийн дагуу шилжүүлэх, өөр газар суулгах боломжтой эсэхийг нь судлах үүргийг өглөө. Тэрбээр “Үерийн далангийн урдуур тавих авто замын ажил бол нийтийн эрх ашгийн төлөө хийж байгаа ажил. Бид нийтийн эрх ашгийг дээдэлж ажиллах ёстой” гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.