ХУД-ийн 11-р хорооны "Амгалан өрх" өрхийн ЭМТ-ийн ахлах сувилагч Ш.Норовцэрэн сувилагчийн өдрийн зочноор уригдан оролцож байна. Түүний нэг өдрийн ажилтай бид танилцаж хамтдаа ажлыг нь хийж үзлээ.
Тэрээр эмч гэхээс илүү сувилагч мэргэжилд дурлажээ. Галын голомтод шантралгүй ажиллаж, илүү олон хүнд хүрч тусалж чадах учраас энэ мэргэжлийг сонгосон байна.
Тэрбээр 1986 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд Хэнтий аймгийн төрөх тасагт нярайн сувилагчаар 10 жил ажиллажээ. Ингээд сүүлийн 13 жил ХУД-ийн 11-р хорооны “Амгалан өрх” өрхийн ЭМТ ахлах сувилагчаар ажиллаж байна. ХУД-ийн 11 дүгээр хороо нь 23 мянган хүн амтай 5000 гаруй өрхөд 24 эмч, сувилагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.
Өрхийн эмч нар коронавирусийн халдварын үед өрх бүрээс шинжилгээ авах, дархлаажуулалтын цэгт дайчлагдан ажилласан билээ. Өрхийн эмч, сувилагч нарын хувьд суурь өвчтэй иргэдээ үргэлж, эргэж тойрч ажилладаг. Энэ ч хүрээнд өндөр настайн хоёр хөгшин вакцин тариулсны дараах биеийн байдлыг мэдэхээр гэрт зочилсон юм.
Өндөр настангууд Спутник-V вакцин тариулсан бөгөөд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй талаар дурдлаа. Сүүлийн үед өрхийн эмч, сувилагч нар дархлаажуулалтын цэгт амралтгүй ажиллаж байгаа юм. Манай сурвалжлах баг дархлаажуулалтын цэгт очиж, ажил үүрэгтэй нь танилцлаа. Анхандаа иргэдийн хувьд вакцины талаар ойлголт тааруу байсан бол одоо маш сайн мэдээлэлтэй болсон гэдгийг дурдлаа.
Сувилагч мэргэжилтэн бол өвчтөн, үйлчлүүлэгчид хамгийн ойр буюу 24 цагийн эргэлтэд сувилах тусламж, үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвараа зориулж байдаг энэрэнгүй үйлстэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.