ОХУ-ын эрх баригчид "Спутник V" вакцины нэг тунтай хувилбарт албан ёсны зөвшөөрөл олгосон болохыг өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр коронавирусийн цар тахлын эсрэг сүргийн дархлааг бий болгох үйл явцыг хурдасгах боломжтой гэж үзэж байгаа юм.
"Спутник Light" гэж нэрлэсэн энэхүү шинэ хувилбар нь хоёр тунтай "Спутник V" вакцины эхний тунтай ижил аж. Гэвч энэхүү тусгай зөвшөөрлийн дагуу уг вакциныг өөр төрлийн вакцин хэлбэрээр борлуулж, тарих гэнэ. Ийнхүү "Спутник Light" нь ОХУ-д батлагдсан дөрөв дэх дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусийн вакцин болж байгаа юм.
Гэхдээ тус вакцины эмнэлзүйн туршил хараахан дуусаагүй байгаа бөгөөд аюулгүй байдал болон үр дүн нь баттай тогтоогдоогүй байгаа аж. Клиник туршилтууд энэ оны 1 дүгээр сараас эхэлсэн бөгөөд одоог хүртэл үргэлжилж байгаа юм.
Тэгвэл хоёр тунтай "Спутник V" нь ОХУ-ын вакцинжуулалтын гол эх үүсвэр хэвээр байх болно гэдгийг тус улсын Шууд хөрөнгө оруулалтын сангийн Гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев мэдэгджээ. Харин "Спутник Light" вакциныг Оросын түнш улс орнуудад экспортолж, цар тахлын вирусийн мутацид орсон шинэ хувилбаруудтай тэмцэхэд нь туслалцаа үзүүлнэ хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: Associated Press