АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 1 сарын өмнө

Д.Гэрэлмаа: Айл бүр амралтын нэг өдрийг “Цахим хэрэглээгүй өдөр” болгож хэвшүүлээсэй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 сарын өмнө

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулган үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээний үеэр Тогтвортой хөгжлийн боловсролын талаар хэн, юу хэлснийг онцлон хүргэе.

Салбар бүрийн харилцан хамаарал тогтвортой хөгжлийн боловсролд чухал үүрэгтэй

Н.Нэргүй “Тэгш таван ухаан боловсролын төв”-ийн зөвлөх, доктор Ph.D, дэд профессор:

- ЮНЕСКО-ийн сурах бичигт хүн бүрийг суралцагч гэж үзсэн байдаг.  Монгол улсын хувьд академик түвшинд буюу танин мэдэхүйн ай байгалийн ухааны чиглэл давамгайлах хандлагатай. Эдгээр  зорилтыг хэрэгжүүлснээр тогтвортой боловсролын 8 цогц чадамжид хувь нэмэр оруулах боломж 957 байна.

Боловсрол ба суралцахуйг бүхэлд нь тогтвортой хөгжлийн төлөө болгон хувиргах, тэрхүү зорилтод хүргэх гол стратеги нь хүн бүрийн заавал эзэмших “тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсрол” шинэ судлагдахуун юм. Тиймээс бүх түвшний боловсролын зорилтод тодорхойлогдох салбар бүрийн харилцан хамаарал, хамтын ажиллагаагүйгээр үр өгөөжтэй үйл эрхлэх боломжгүй. 

Багш бүхнийг мэдэж шийддэг, агуулгын дамжуулалт хийдэг арга зүйг өөрчлөх ёстой

Н.Мөнхбаяр БМДИ-ийн Суралцагчийн хөгжлийн албаны дарга:

-Хүн хэзээ хөгждөг вэ? Харилцаа, хамтын ажиллагааны явцад, өөрийн сонирхол, хэрэгцээ, боломжид нийцсэн, тэгш оролцоо нь хангагдсан орчинд хөгждөг. Сургалтын байгууллагын соёл, орчин, шийдвэр гаргалт, менежментэд  бүхэлдээ тогтвортой хөгжлийн үзэл хандлага шингэсэн байх, харилцаа хандлагаа өөрчлөх, суралцагчдад хүсэл эрмэлзэл, итгэл найдвар төрүүлсэн үнэлгээний арга техник сонгох шаардлагатай болсон.

Хичээлийн явцад зөвхөн багш шийдвэр гаргах бус хэлцлийн журмаар шийдэлд хүрэх арга зүйн тавил, алхмыг тодорхойлох, сурагчдыг эргэцүүлэлд хөтлөх сургалтын материал, хэрэглэгдэхүүн ашиглах, дасгал, даалгавар боловсруулах, нэгнээсээ суралцах боломж бүрдүүлэх гэх мэт олон зүйлийг санал болгомоор байна. Орон нутгийн хойшлуулшгүй чухал асуудал, тогтвортой хөгжлийн төлөөх үйл хэрэгт хүүхэд, залуучуудыг татан оролцуулахаар урьдчилан төлөвлөж, хамтрагч түншээр орон нутгийн иргэд, олон нийтийг оролцуулж, хамтын идэвхтэй, зорилготой үйл ажиллагааг эхлүүлэх, үе шаттай үргэлжлүүлж,үр дүнг нь тооцож, олон нийтэд сурталчилж ажиллах зэрэг олон арга зам, шийдэл бий.

Аливаа зүйлийн сайхныг мэдэрсэн хүн л зүрх сэтгэлээ зориулдаг

П.Хэнмэдэх Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн Газарзүйн багш:

- Дэлхий нийтээрээ  суурьшмал  амьдралд шилжиж, байгаа өнөө үед  сурагчдыг хүрээлэн буй орчинтой нь ойр байлган, байгалийг судалж, танин мэдэх,  тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэн, шийдэх боломжийг эрэлхийлдэг дадалтай болгох хэрэгцээ шаардлага  багш бидний өмнө тулгарч байна.

Аливаа зүйлсийн сайхныг мэдсэн биш, мэдэрсэн хүн л түүнийг зүрх сэтгэлээсээ хайрладаг.

Энгийн жижиг мэт зүйлс байгальд сөргөөр нөлөөлж байдаг

Д.Оюунтуяа Нийслэлийн Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн арга зүйч:

-Гэр бүл бол хүний амьдралын анхдагч орчин байдаг. Эцэг, эхчүүдийн оролцоотойгоор сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, багаасаа байгаль дэлхийтэй харилцах, эко иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Айл бүр амралтын нэг өдрийг “Цахим хэрэглээгүй өдөр” болгож хэвшүүлээсэй

Д.Гэрэлмаа Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн “Од” багийн ахлагч:

-Эцэг, эх, асран хамгаалагч ч гэсэн цахим хэрэглээг зохистой хэрэглэх шаардлага тулгарч байна. Иймээс эцэг эх асран хамгаалагчдад цахим орчинг зохистой хэрэглэх сургалт явуулах хэрэгцээ үүссэн. Айл бүр амралтын нэг өдрийг “Цахим хэрэглээгүй өдөр” болгон хэвшүүлээсэй.

Чөлөөт цагийг цахим орчинд биш, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж, уламжлалт тоглоом наадгайгаар наадаж, хүүхдээ хөгжүүлэх үйлд үлгэр дуурайлал үзүүлэх нь эцэг, эхчүүд бидний үүрэг юм.

Нэг удаа мод бэлтгэхэд 50 жил ургасан 5 мод хэрэглэдэг

Г.Энхсайхан Хөвсгөл аймаг Арбулаг ЕБС-ийн бага ангийн багш:

-Хүүхдийн бүтээлч, логик сэтгэлгээг дэмжсэн “Сэтгэлгээний загвар”-г ашиглан хөтөч арга зүйд үндэслэсэн. Тэгвэл танай сумын  200 өрх айл нэг удаагийн хэрэглээнд хэдэн мод тайрах вэ? гэх мэтээр амьдралд ойр арга барилыг ашиглаж сургалтаа явуулж байна.  “Аргалчин хүү” үлгэрээр дамжуулан нүүдэлчин Монгол ахуй дахь аргал түлш түүх, хэрэглээг нэмэгдүүлэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүүхэд бүхнийг ажил хөдөлмөрт уриалах олон давуу талтайгаар мэдлэг олгох боломжтой.

Хөргөгчөө мөстөхөөс сэргийлж, угаалгын машины даацыг хэтрүүлэхгүй байя

М.Гантүлхүүр Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн физикийн багш:

-Тогтвортой хөгжлийн боловсрол нь нийгмийг тогтвортой хөгжилд хөтлөх арга зам юм. Жижиг гэлтгүй зүйлээс өөрчлөлтийг эхэлж болно. Угаалгын машиныхаа даацанд тохируулан хувцсаа хийе. Тоос сорогчоо цэвэр байлгая. Хэрэглэхгүй байгаа цахилгаан хэрэгслээ салгая гэх зэргээр сургалтаа явуулснаар үр дүнд хүрч байгаа. Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээхэд сурган хүмүүжүүлэгчдийн чадавхыг нэмэгдүүлье. Залуучуудад эрх мэдэл, боломж олгож, идэвхжүүлье. Орон нутгийн түнший үйлийг эрчимжүүлье.

Хүүхдүүдэд өрхийн төсвийг хөтлөхийг заах замаар санхүүгийн мэдлэг олгож байна

Д.Амарзаяа Өмнөговь аймгийн 4-р сургуулийн багш:

-Гэр бүлийн өрхийн төсөв санхүүг хамтран тооцоолох, зохистой хэрэглээнд суралцах, хуримтлал бүтээхэд хувь нэмрээ оруулах, бодит үйл ажиллагаанд оролцох чадварт суралцах зорилгоор “Өрхийн төсөвт миний оролцоо” хичээлийг боловсруулсан. Өрх гэр бүлийн санхүүгийн үйлчилгээний талаарх өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах, олж авсан үнэн зөв мэдээллээ шийдвэр гаргах, сонголт хийхдээ оновчтой хэрэглэх, зөв мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх чухал юм.

Өдөр тутмын амьдралын зөв хэвшил нь тогтвортой хөгжлийн нэг зорилго юм

Б.Болоржаргал Говьсүмбэр аймгийн лаборатори 5 дугаар сургуулийн биологийн багш:

-Дэлхийн бүх усыг 100 литр гэвэл бид ердөө жижиг халбага усыг л ашигладаг гээд төсөөлөөд үз дээ. Гэхдээ хөрсний гүний цэнгэг ус хүрэлцээгүй болохыг хүүхдүүдэд оюуны зураглал, туршилтын аргаар заахад илүү үр дүнтэй байсан.

Эрүүл, чийрэг хүн чанартай амьдралыг тодорхойлно

Э. Жагварал Хэнтий аймгийн “Тэмүүжин” цогцолбор сургууль, англи хэлний багш:

-Америкийн нуруу судлалын нийгэмлэгийн сайтад дэлхийн хүн амын 80 хувь нь нурууны ямар нэгэн өвчтэй гэсэн судалгааг нийтэлжээ. Бид сургалтаа уг мэдээллийг иш татаж,

Хэнтий аймгийн уламжлалт анагаах ухааны төвийн эмч нарын хийсэн судалгаанаас өсвөр насны 10 хүүхэд тутмын 6 нь эрүүл мэнд-бие галбирын сөрөг өөрчлөлттэй гэсэн тоо баримтыг дурдаж, сургуулийнхаа ахлах ангийн сурагчдын дунд судалгаа хийхэд тэдний 80% нь олон цагаар хөдөлгөөнгүй, бөгтийж, ширээний ард буруу суух, буруу байрлалд гар утсаа удаан оролдох, хүнд цүнхээ нэг мөрөндөө үүрч явах зэрэг хөдөлгөөний буруу дадал хэвшилтэй байгааг тогтоосон.

Тиймээс “Эрүүл мэнд ба сайн сайхан байдал” сэдвийг сонгож сургалтын төлөрбөр боловсруулан, хичээл зааж, өнөөдөр туршлагаа хуваалцаж байна. Зөв дадалтай иргэн эрүүл чийрэг өснө. Эрүүл чийрэг хүн дэлхийн чанартай амьдралыг тодорхойлно.

Боловсролын салбар дахь жендэрийн тэгш бус байдалд анхаарах цаг болсон

М.Долгорсүрэн Өвөрхангай аймгийн БСУГ-ын мэргэжилтэн:

-Бидний жишиг сургалтын сэдэв “Жендэрийн эрх тэгш байдал жижиг асуудал уу?” буюу хүйсээс үл хамаарах харилцаа, хандлагын хичээл. Боловсрол соёл шинжлэх ухааны статистик мэдээ, Өвөрхангай аймгийн БСУГ-ын статистик судалгаанаас харагдаж байна. Иймээс бага наснаас нь жендэрийн эрх тэгш байдлын талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага байна хэмээн үзсэн нь  энэхүү  сэдвийг сонгох үндэслэл болсон. Аймгийн хэмжээнд суралцаж буй хүүхдүүдийн хүйсийн харьцаа, сургуулиас завсардсан хүүхдийн тоо гэх мэт бодит статистикт тулгуурлан хүүхдүүдэд сургалт явуулах нь үр дүнтэй байдаг.

Тогтвортой хөгжил хүн бүрт хамааралтай, газар бүрт хэрэгжих учиртай

С.Амарсайхан НТБҮТ-ийн үйл ажиллагааны хэлтсийн дарга:

-Насан туршийн боловсрол бол хүний амьдралын туршид шаардагдах мэдлэг, чадвар, ойлголт, зан чанарыг олгох, улмаар түүнийгээ ямар ч орчин нөхцөлд өөртөө итгэлтэй, урам зоригтой бүтээлчээр хэрэглэж чадах чадамжийг суулгах замаар хувь хүнийг нийгэмд идэвхтэй байр суурь эзлэхэд нь дэмжлэг үзүүлж, чадваржуулж байдаг тасралтгүй үйл ажиллагаа юм.

Тогтвортой хөгжил хүн бүрт хамааралтай, газар бүрт хэрэгжих учиртай. Тогтвортой хөгжлийн боловсрол нь хүмүүс мэдлэг ухаан, ур чадвар, зохистой хэрэглээ, зөв хэвшил, үзэл хандлагатай болох, насан туршдаа сурч, боловсрох үйл явц.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гол арга зам нь хувь хүний түвшинд зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэдлэг, ур чадвараа байнга шинэчлэх,  өөрчлөлтөд дасан зохицох, насан туршдаа суралцаж чаддаг байх явдал. Насан туршдаа суралцахын тулд сурахуйд суралцах чадварыг эзэмших, суралцах үйл явцыг өөрөө хариуцаж, удирдан зохицуулж сурах, иргэдийн өөрийн зохицуулалт чухал юм. Өөрөө өөрийгөө үнэлж, сайжруулах зорилго тавих нь бусдаар удирдуулснаас илүү үр дүнтэй гэж үздэг. Харин үндэсний болон орон нутгийн түвшинд анхаарах зүйл нь хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбар дамнасан бодлого, тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн түншлэлийг бэхжүүлэхүйц сайн туршлагыг хуваалцах, Насан туршийн боловсролын төвүүд үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн боловсрол, түүнд холбогдох зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, хувьсан өөрчлөгддөг хэрэгцээнд суурилсан судалгаа, бодлого, төлөвлөлтийг хийж, хүний нөөц, санхүүжилтыг шийдвэрлэх зэрэг юм.

Төрийн байгууллага, албан тушаалтны ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, санаачлагыг нь харгалзах ёстой

Н.Болд Удирдлагын Академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч, , Ph.D, Дэд профессор):

-1972 онд Стокгольм хотноо “Хүн төрөлхтөн ба байгаль орчин” чуулга уулзалтыг зохион байгуулж, 26 зарчмыг тодорхойлсон нь тогтвортой хөгжлийн зорилтын суурь байжээ.

“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” хэмээх баримт бичигт “Хөгжлийн гадна хэнийг ч үлдээлгүй хөгжих” агуулга бүхий 17 зорилго, 169 зорилтыг боловсруулан багтаажээ. Нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан шүтэлцээтэй хөгжүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдан гарсан шинэ тутам хандлагын нэг нь тогтвортой хөгжлийн боловсрол хэмээх ойлголт юм. Хөгжлийн түвшний хувьд дэлхийн улс орнуудын дотор Монгол Улс ямар эрэмбэтэй байгааг илэрхийлэх судалгааны үр дүнгүүдийн нэг бол Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” юм. 

Тогтвортой хөгжлийн үйл ажиллагаанд түншлэлийг хэрэгжүүлэн ажиллаж буй байгууллагуудад эдийн засаг, санхүүгийн шинжтэй урамшуулал үзүүлэх хөшүүргийг бий болгох нь түншлэлийн үйл ажиллагаа идэвхтэй хэрэгжих үндэс суурь болдог.

Нийгмийн хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд урамшууллын механизмаас гадна хариуцлагын механизм чухал. Иймд төрийн байгууллага, албан тушаалтны үр дүнгийн тайлан, ажлын гүйцэтгэлийг тооцоход тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, түншлэн ажиллах санаачлагыг харгалзах явдал тогтвортой хөгжлийн чиглэлд тэргүүлэх ач холбогдол өгөх нь тогтвортой хөгжлийн үзэл санааг нутагшуулахад чухал ач холбогдолтой.

Тогтвортой хөгжлийн асуудлыг жинхэнэ утгаар ажил хэрэг болгоход албан бүтэц, түүнийг дагасан албан бус сонирхлын бүлэг, үүсгэл санаачлагын нэгжүүд бий болгох ажилд онцгой ач холбогдол өгөх нь нэн чухал. 

Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан салбарын яамд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж манлайлах нь удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилтийг үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой хэдий ч төрийн бүх байгууллагын хамтын ажиллагаа илүү чухал болохыг ухаарч ажиллах хэрэгтэй байна.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.