Европын Холбооны орнууд ирэх зургадугаар сараас эхлэн коронавирусийн халдварын тархалт бага улс орнуудын болон вакцины хоёрдугаар тунд бүрэн хамрагдсан аялагч жуулчдын өмнө хилээ нээхээр болжээ.
Европын улс орнуудад коронавирусийн эсрэг вакцинжуулалт нэмэгдэж байгаа тул жуулчид хүлээж авах цаг нь болсон гэж Европын комисс үзсэн байна. Гэхдээ халдвар эргэн нэмэгдэж, зайлшгүй нөхцөл бүрдсэн тохиолдолд хилээ эргүүлэн хаана гэдгээ мэдэгджээ. Энэ сараас эхлэн холбооны гишүүн орнуудтай хэлэлцээр хийж ирэх сарын сүүлч гэхэд хил бүрэн нээгдэнэ гэж төлөвлөсөн байна.
Комиссын Ерөнхийлөгч Урсула Вон Дер Лейен уг шийдвэрийн тухай өөрийн Твиттер хуудсандаа танилцуулсан байна. Европт зуны амралтаараа аялж, амрахыг хүссэн жуулчид ирэхээсээ 14 хоногийн өмнө вакцины сүүлчийн тунгаа хийлгэсэн байх шаардлагатай. Одоогоор Оросын Спутник, Хятадын Синофармын вакцинуудыг Европын эрүүл мэндийн агентлаг баталгаажуулж, зөвшөөрөөгүй байгаа тул уг вакцинуудыг хийлгэсэн жуулчдыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн 72 цагийн дотор ПСР шинжилгээний сөрөг хариу гарсан бол вакцин хийлгэсэн эцэг эхийн хамт хүүхдүүдийг заавал вакцин хийлгэхийг шаардалгүй хил нэвтрүүлэх ажээ. Үүнээс гадна Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг коронавирусийн тархалтыг барьж чадсан улс орнуудаас ирсэн жуулчдад бүрэн вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлага тавихгүй гэдгээ хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.