Германы Бавари мужид зохион байгуулагддаг "Октоберфест" шар айргийн баярыг хоёр дахь жилдээ дараалан цуцлахаар болсныг тус мужийн эрх баригчид мэдээлжээ. Тус баярт дэлхийн өнцөг булан бүрээс зочид ирдэг тул коронавирусийн цар тахлын халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж эмээж байгаа юм.
Бавари муж нь тус шар айргийн баяраар дэлхий дахинд танигдсан хэдий ч энэ жил ч мөн цуцлахаас өөр аргагүй байсан гэдгийг орон нутгийн Амбан захирагч Маркус Соедер мэдэгджээ. Германд коронавирусийн халдварын тоо өссөөр байгаа бөгөөд эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болох аюул тулгараад байгаа аж.
Тус улсад 22:00-05:00 цагийн хооронд хөл хорио тогтоогоод байгаа ба иргэдийг томоохон цугларалт хийхийг хориглоод байгаа юм. Мөн спорт, чөлөөт цагаа өнгөрүүлэх байгууламжуудыг хаан, олон дэлгүүрийн үйл ажиллагааг хязгаарласан байна.
"Октоберфест" нь дэлхийн хамгийн том шар айргийн баяр бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс зургаан сая жуулчныг татдаг аж. Ирэх 9 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 3-ны хооронд зохиогдох хуваарьтай байсан уг арга хэмжээг ийнхүү урьдчилан цуцлах шийдвэр гаргасан нь хэт их эрсдэлтэй нь холбоотой. Хүмүүсээр дүүрэн асар том майхнуудад иргэд их хэмжээний архи, согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд гадаадын зочид мутацид орсон вирусийн халдварыг тараах аюултай гэдгийн мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Эх сурвалж: Associated Press