Колумби улсын Засгийн газраас дэвшүүлсэн татварын шинэчлэлийн саналыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тав дахь өдрөө үргэлжлэн, дор хаяж 17 хүн амиа алдсан болохыг тус улсын Иргэдийн төлөөлөгчийн газраас мэдээлжээ. Амиа алдсан хохирогчдын 16 нь жагсагч иргэн байсан бол нэг нь цагдаагийн алба хаагч байсан аж.
Томоохон хотуудад болсон жагсаалын үеэр цагдаа нар иргэдтэй мөргөлдөн, нийт 800 орчим хүн шархадсан байна. Орон нутгийн хүний эрхийн байгууллагууд болон жагсагчид цагдаагийн алба хаагчдыг шаардлагагүй хүч хэрэглэсэн гэж буруутгаж байгаа юм.
Харин албаныхны мэдээлснээр улс орон даяарх жагсагчид нийтийн тээврийн 20 автобусыг галдан шатаан, 59 аж ахуйн нэгжийг тонон дээрэмдэж, 250 гаруй байгууламжийг сүйтгэсэн аж. Хууль хяналтынхан одоогийн байдлаар 400 гаруй хүнийг баривчлаад байгаа гэнэ.
Иргэдийн эсэргүүцэж буй татварын шинэчлэлийн хүрээнд хувь хүн, аж ахуйн нэгжийн татварыг нэмэгдүүлж, олон төрлийн хөнгөлөлтийг арилгах байсан юм. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Иван Дюк энэхүү маргаантай шинэчлэлийн саналыг цуцлахаар болсноо мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.