Израйлийн зүүн хойд хэсгийн Морен уулан дахь еврейчүүдийн шашны баярын үеэр 100,000 орчим иргэн нэг дор цугларч, хэдэн арван иргэн хөл үймээнд дарагдаж нас барсан талаар мэдээллээ. Израйлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр багадаа 38 иргэн нас барж, олон арван иргэн гэмтэж бэртсэн тухай дамжуулсан байна.
Еврейчүүдийн Лаг Б’Омер шашны баярын мөргөлд оролцохоор пүрэв гарагт 100,000 гаруй хүн Морен ууланд иржээ. Баасан гарагт үүнээс ч олон хүн ирнэ гэж эрх баригчид таамаглаж байна. Уг баяр нь жил бүр болдог ч өнгөрсөн жил коронавируст цар тахлын улмаас болоогүй. Харин энэ жил вакцинжуулалтыг өргөн хүрээнд хийсэн тул цар тахал гарч эхэлснээс хойш хамгийн том арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрх баригчид шашны мөргөлд оролцохоор ирсэн иргэдийг аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхаарч ажиллаж байна гэжээ. Иерусалем пост хэвлэлд нийтэлснээр гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэхээр зургаан нисдэг тэрэг дайчилсан байна. Мөн нас барсан иргэдийн цогцсыг гялгар уутанд хийсэн байдалтай харагджээ. Зарим сайтад индэр нурсан гэж мэдээлсэн ч амь насаа алдсан болон гэмтэж бэртсэн иргэд бүгд хэт олон хүн нэг дор цугласнаас хохирол амссан гэж албаныхан мэдээлсэн байна. 5,000 орчим цагдаагийн алба хаагч хэв журам сахиулахаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.