Турк улсад пүрэв гарагийн оройноос эхлэн улс даяар хөл хорионы дэглэмд шилжиж, цар тахлын халдварын тархалтыг бууруулахаар болсныг мэдэгджээ. Хөл хорионы дэглэм хэрэгжихийн өмнө гудамж талбайд хөл хөдөлгөөн их, авто замын ачаалал нэмэгдсэн, дэлгүүр худалдааны төвүүд дүүрэн байна.
Яг жилийн өмнө Турк улсад коронавирусийн халдварын эсрэг тэмцэл амжилттай хэрэгжиж, ДЭМБ-аас сайшаагаад байсан боловч өнгөрсөн хоногт 40,000 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улсад нийт халдварын тохиолдол 4,7 саяд хүрч, 40,000 орчим иргэн нас бараад байна.
Энэ сард тус улсад халдварын тархалт огцом нэмэгдсэн нь вакцинжуулалтыг эхлүүлж, хүн амын ихэнх хэсэгт бүрэн дархлаа тогтоож амжаагүй байхад Засгийн газар хэт эрт хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой гэж дүгнэж байна. Тус улсын 82 сая хүн амын 22 сая гаруй нь вакцинд хамрагдаад байгаа юм. Бүх нийтийг дархлаажуулахад Хятадын Синовак болон Америкийн Пфайзер/БиоНТек, Оросын Спутник-V вакцинуудыг ашиглаж байна.
Турк улсад олон нийтийн цугларалт, жагсаалыг хэдийнээ хориглоод байсан. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эцэст нь дөрөвдүгээр сарын 29-ний 19:00 цагаас тавдугаар сарын 17-ны өдөр хүртэл хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийн хүрээнд иргэд хүнсний дэлгүүр, эмийн худалдаа, эмнэлгийн тусламжаас бусад үед гэрээсээ гарахгүй байх, хот хоорондын тээвэрт албаны зөвшөөрөлтэй байх, сургуулиудыг хаах, нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдын тоог хязгаарлах, согтууруулах ундааны борлуулалтыг хязгаарлах зэрэг багтжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.