УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр цар тахлын үед коронавирусийн халдварт Эрүүл мэндийн даатгалын сан, Эрсдэлийн сангаас хэдэн төгрөг гаргаад байгаа талаар Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нараас лавлав.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Эрүүл мэндийн даатгалын сангаас халдвар аваад батлагдсан тохиолдлын эмчилгээний зардлыг төр дааж байгаа. Одоогоор Эрсдэлийн сангаас санхүүжилт гарсан зүйл байхгүй.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Эрсдэлийн сангаас нэг ч төгрөг гараагүй байгаа нь нэг талаар хэмнэлттэй харагдаж байгаа ч энэ цаг үед энэ сангаас мөнгө гарсан байх ёстой.
Энэ мөнгөө хадгалсаар байгаад ард иргэдээ бүгдийг нь өвчлүүлээд дуусах уу? 2021 оны төсөвт нэгэнт зоригтой хийсэн төсвийн шинэчлэлийнхээ хүрээнд эрүүл мэндийн салбарт хөрөнгө мөнгө гаргасан. Яг энэ үед эрүүл мэндийн салбар бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой.
Эмч эмнэлгийн ажилтнууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Энэ хугацаанд тэднийг урамшуулах, энэ өвчний ард ялж гарах бүрэн итгэл зоригийг өгөх ёстой. Халдвартай тэмцэж байгаа энэ үед Эрсдэлийн сангийн санхүүжилтийг ашиглах ёстой.
Эрүүл мэндийн яам, Сангийн яамны хүрээнд ойрын хугацаанд яаралтай эмч, эмнэлгийн ажилтнуудад нэмэлт урамшуулал олгох, ковидийн үед ашиглах тоног төхөөрөмж, халдвар авсан иргэдийн эмчилгээний зардлыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой шийдвэр гаргана.
Вакцинжуулалтад оролцож байгаа эмч, сувилагч нарт нэмэгдэл урамшуулал олгохгүй бол эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд байнга ийм нөхцөлд ажиллаж чадахгүй гэв.
2021 онд Эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд 10 их наяд төгрөг, эрсдэлийн санхүүжилтийг нэмж тусгасан ажээ.