Энэтхэг улс барууны орнууд болон Япон улсад албан ёсоор бүртгэгдсэн коронавирусийн вакцинуудад яаралтай зөвшөөрөл олгон, "Pfizer", "Johnson & Johnson", "Moderna" зэрэг вакциныг импортлон оруулж ирнэ гэж өнгөрөгч мягмар гарагт мэдэгджээ.
Ингэснээр эдгээр вакциныг үйлдвэрлэгч компаниуд орон нутгийн туршилт хийж, вакцины аюулгүй байдлаа баталгаажуулах шаардлагагүй болох юм. Энэхүү шийдвэр нь тус улсад халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой. Энэтхэг улсад энэ сарын 2-ноос хойш дэлхийн хамгийн өндөр өдөр тутмын халдварын тоо бүртгэгдэх болсон байна.
Өчигдөр буюу 4 дүгээр сарын 14-ний өдөр тус улсад коронавирусийн халдварын 161,736 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 13.7 саяд хүржээ. Харин нас баралт 879-ээр нэмэгдэж, нийт амиа алдсан хүний тоо 171,058 болсон байна.
Энэтхэг улс нь вакцин үйлдвэрлэх хүчин чадлаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд гадаадын улс орнууд руу хэдэн арван сая тун вакциныг экспортолж байсан хэдий ч орон нутгийн вакцины эрэлт нь огцом өсөж, зарим мужид хомсдол үүсжээ. Үүнээс өмнө дэлхийн олон арван ядуу буурай улс орон Энэтхэгийн вакцины экспортоос хамааралтай байсан билээ.
Тус улс нь одоог хүртэл 54.6 сая гаруй вакцины тунг гадаадын улс орнуудад зарж, 10 сая гаруй вакцины тунг түнш орнууддаа бэлэглээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters