СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ганга мөрөнд биеэ угаахаар таван сая хүн цуглажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхий дээрх хамгийн том шашны ёслол Кумбх Мела Энэтхэгийн Уттараханд мужийн Харидвар хотод үргэлжилж байна. Энэтхэг улсад зургаа дахь хоногтоо дараалан коронавирусийн шинэ тохиолдол 24 цагт хамгийн өндөр бүртгэгдсэн бөгөөд тус ёслол оны эхэнд эхлэх ёстой байсан дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулаад байсан юм.

Гэсэн ч хинду шашны сүсэгтэн олон ариун Ганга мөрөнд биеэ угаан, нүгэл хилэнцээ арилгаж, мөнхийн ариуслыг олохоор улс орны өнцөг булан бүрээс цуглажээ. Даваа гарагийн байдлаар Харидвар хотод таван сая хүн ирсэн гэсэн тоог албаныхан өгсөн байна.

Цагдаагийн газрын ахлах байцаагч Санжай Гүнжялын хэлснээр 650,000 хүн хэдийнээ Ганга мөрний усанд биеэ угаасан байна. Мөрний 15 орчим эрэг сав газарт тус бүр 11,000-18,000 хүн цуглажээ. .

Хэрэв тэдэнд хоорондын зай барих дүрмийг хүчээр сахиулах гэж оролдвол хэт бөөгнөрөл үүсч хүний амь нас эрсдэх аюултай ажээ. Холбогдох хүмүүс хиймэл оюун ухааны тусламжтайгаар хяналтын камер ажилуулж, аюулгүйн хүчний 15,000 цэргийг дайчлан хяналт тавьж байна.

Албан ёсны зөвшөөрөлгүй болон амны хаалт зүүгээгүй иргэдийг камерын тусламжтай илрүүлж шаардлага тавих үүрэгтэй юм. Гэсэн ч хүн бүрт шаардлага тавьж, тасалбарыг нь шалган тулж ажиллахад нөөц бололцоо хүрэлцэхгүй байгаа ажээ.

Харидвар хотод ирэхээсээ өмнө сүсэгтэн олон цахимаар бүртгүүлнэ. Ингэхдээ эрүүл мэндийн байдлаа баталгаажуулж, халдвартай бүс нутгаас ирсэн тохиолдолд Ковид-19-ийн шинжилгээний сөрөг хариу гарсан бичгээ бүртгүүлэх ёстой ба тээврийн хэрэгслүүдэд гэнэтийн шалгалт хийж шинжилгээ авах зэргээр халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч байна. Гэвч энэ нь төдийлөн амжилтгүй байгаа бөгөөд нэг дор хэт олноороо цугласан хүмүүсийг хянах боломжгүй болжээ.

. Халдварын тархалтын хоёр дахь давлагаа энэ гуравдугаар сард эхэлсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн жил халдварын эхний давлагааны оргил үе есдүгээр сард тохиосон ба тухайн үед хоногт 97,000 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр тоо байжээ.

Харидвар хотод Кумбх Мела ёслол дөрөвдүгээр сарын 1-ний өдөр эхэлснээс хойш коронавирусийн 2,200 гаруй тохиолдол шинээр бүртгэгдээд байгаа юм. Энэтхэг улс даяар халдвар авсан иргэдийн тоо 14 сая орчим болж, 170,000 гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.