Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар коронавирусийн 24 цагийн нөхцөл байдлыг танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр батлагдсан тохиолдол 885 бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 371 иргэн эдгэрчээ.
Сүүлийн долоо хоногт халдвараар нас барсан арав гаруй тохиолдол бүртгэгдлээ. Дийлэнх нь хавсарсан өвчтэй байгаа ба нас барагчдын дундаж нас 70 байна. Өчигдөр нас барсан хоёр хүний хувьд нэг нь 61, нөгөө нь 20 настай, хоёул эрэгтэй байжээ.
Эмнэлгээс гадуур нас барсан иргэдийн оршуулгын зан үйлийг "Буян" ХХК-тай хамтран зохион байгуулж байна. Чандарлах болон оршоох /булах/ хоёр хэлбэрийг гэр бүлийн гишүүдтэй нь зөвлөн, тогтоож байгаа аж. Оршуулгын зан үйлд 30-аас илүү хүн оруулахгүй байх зохицуулалт үйлчилж байна.
Иргэдийн хувьд "Хөл хорио тогтоогоод байхад яагаад өвчлөлийн тоо буурахгүй байна вэ. Хөл хорио үр дүнгүй юм биш үү?" гэдэг асуулт ихээр ирж байна. ЭМЯ-ны эх сурвалжийн хэлснээр шинээ бүртгэгдсэн тохиолдлууд 4-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүс бөгөөд, хөл хорионы үр дүн багадаа долоо хоногийн дараагаас мэдэгдэнэ гэж мэдэгдэв.
ЭМЯ-ны тооцоолж байгаагаар хөл хорионы дараа халдварын тоо мэдэгдэхүйц буурах ба долдугаар сар гэхэд халдварын тохиолдол өдөрт арваас доош болно гэлээ. Одоогоор Өмнөговь, Говь-Алтай аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Бусад аймгуудад бүртгэгдээд байна.
Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын 397 хүн халдвар авсан ба тэдний 63 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж яваад, бусад нь эмнэлгийн бус орчинд, ойрын хүнээсээ халдвар авчээ. Мөн, өнгөрсөн хугацаанд 0-17 насны 3815 хүүхэд халдвар авчээ. Одоогоор хичнээн хүүхэд халдвар авсан талаарх тоо мэдээлэл ЭМЯ-н дээр нэгтгэгдээгүй байна. Ямартай ч хүүхдүүдийн 86 хувь нь Улаанбаатар хотынх байгаа аж.