Гималайн нурууны зүүн хошуунд орших Бутан Улсад коронавирусийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалтын аян эхлээд 16 хоног өнгөрсний дараа тус улсын бүх насанд хүрэгчийн 93 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна.
Ингэснээр тус улс нь вакцинжуулалтын хурдаараа дэлхийд тэргүүлж байгаа Израил, АНУ, Бахрейн зэрэг улс орнуудын урд бичигдэх болжээ. Энэтхэг, Хятадын хооронд орших энэхүү жижиг улс нь өнгөрөгч 3 дугаар сарын 27-ноос хойш насанд хүрсэн хүн амаа вакцинжуулж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 800 мянган иргэнийхээ 62 хувийг вакцинжуулаад байгаа юм.
Бутан улсын цөөхөн хүн ам нь дархлаажуулалтыг хурдацтай зохион байгуулахад тусалсан хэдий ч гол нь иргэд сайн дураараа эрчимтэй хамрагдсан бөгөөд тус улсын вакцины түгээлтийн систем үр дүнтэй ажилласан байна. Бутан анх "AstraZeneca" вакцины эхний 150 мянган тунг хөрш Энэтхэг улсаас өнгөрсөн 1 дүгээр сард авсан аж.
Дархлаажуулалтын кампанит ажлын үеэр вакцин тариулж чадаагүй хүмүүс одоог хүртэл хамрагдах боломжтой бөгөөд тус улс нь нийт хүн амдаа хүрэлцэх вакцины нөөцтэй гэж Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга, доктор Пандуп Церинг мэдэгджээ.
Бутан улсад одоогийн байдлаар коронавирусийн халдварын 910 тохиолдол бүртгэгдэн, нэг хүн нас бараад байгаа юм. Бүх сургууль, боловсролын байгууллага нээлттэй байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.