Өнөөдөр улсын хэмжээнд коронавирусийн халдварын 704 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын тохиолдлын тоо өндөр хэвээрээ байгаа нь халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас илэрч байна хэмээн ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан дурдлаа.
Тэрбээр “Хөл хорио тогтоосноор халдварын тоо буурахгүй. Энэ үед халдвар авсан нууц хугацаандаа байсан иргэдээс халдвар илэрдэг. Халдварын тохиолдлын тоо нэмэгдэх тусам хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ нь халдвар аваад хүндрэхээс сэргийлж, самбаачлах хугацааг эмнэлгийн ажилтнуудад өгч байгаа боловч архаг хууч өвчтэй хүмүүс туссан тохиолдол маш хурдан хугацаанд хүндэрч, нас барах тохиолдол их байна.
Монгол Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 385 ор байгаагаас 300 дахь ор руугаа орж байна. Нөхцөл байдал хүндэрч байна. Хөл хорио тогтоож байгаа энэ үед гэртээ байж, халдвар авах эрсдэлээс өөрсдийгөө сэргийлэх. Залуу хүн ч гэсэн хүндрээд нас барах эрсдэл өндөр байна” гэсэн юм.
Ингээд сэтгүүлч нарын асуултад хариулт өглөө.
-Одоогийн байдлаар 3091 хүүхэд өвчилсөн. Залуу хүмүүст шинж тэмдэггүй байдлаар илэрч байна. Халдвартай газраар зорчихгүй байх. Алхаж явж байгаа болж байгаа юм чинь гээд найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ уулзаж болохгүй.
-ХӨСҮТ-өөс хэвтэн эмчлүүлж байгаа иргэддээ эмчлэгдсэн гэсэн бичиг өгч байгаа.
-Вакцин татан авалт орж ирэх юм бол вакцинжуулах ажлыг эрчимжүүлнэ. Одоогийн байдлаар вакцины татан авалт хойшлогдоод байна.
-Вакцины хоёрдахь тунгийг 21-56 хоногийн хугацаанд хийлгэхэд ямар нэгэн сөрөг нөлөө үүсэхгүй. Дархлаа тогтолцоонд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй тул иргэн та тайван байхыг зөвлөж байна.
Эрүүл мэндийн яамнаас вакцин орж ирсэн тохиолдолд 160 цэгийг зэрэг ажиллуулж иргэдийн дархлаажуултад хамруулж эхэлнэ гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.