БНХАУ-ын монополын эсрэг зохицуулагч байгууллагууд "Алибаба" цахим худалдааны компанийг монопол үүсгэсэн гэж дүгнэн, 18.2 тэрбум юань буюу 2.8 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ.
Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр "Алибаба" групп "Онцгой эрхтэй наймааны гэрээ"-г байгуулан, худалдаачдыг өрсөлдөгч цахим худалдааны платформ дээр бүтээгдэхүүнээ борлуулахаас сэргийлсэн аж. Энэхүү торгууль нь тус компанийн 2019 онд БНХАУ-аас олсон борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэж байгаа бөгөөд тус улсад ийм төрлийн торгуулийн шинэ дээд хэмжээг тогтоосон байна. Өмнө нь 2015 онд АНУ-ын чип үйлдвэрлэгч "Qualcomm" компани 975 сая ам.доллароор торгуулж байсан юм.
Олон улсад алдартай бизнес эрхлэгч Жэк Магийн үүсгэн байгуулсан "Алибаба" групп нь Хятадын хамгийн нэр хүндтэй, амжилттай яваа хувийн бизнесүүдийн нэг билээ. Хятадын эрх баригчид ийм өндөр нэр хүндтэй компаниар дамжуулан жишиг тогтоож, тус улсын хамгийн хүчирхэг компаниудыг гартаа атгах гэсэн хүсэл эрмэлзлийнхээ талаар тодорхой мессеж илгээсэн юм.
Цаашид тус улсын бусад технологийн компаниуд ч таагүй нөхцөл байдалд орж магадгүй. Албаныхан аль хэдийн "Tencent", "Pinduoduo" зэрэг компанийн захирлуудаас байцаалт авч, "TikTok"-ийг эзэмшигч "Bytedance" болон "Baidu" нарыг торгоод байгаа билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.