Энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор иргэн бүрд 300 мянган төгрөг олгох тухай Ерөнхий сайд мэдээлсэн. Тэгвэл уг мөнгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Эхний ээлжинд 358.9 тэрбум төгрөгийн гүйлгээг хийж, хүүхдийн мөнгө олгодог данс руу шилжүүлсэн байна. Иргэдээс 300 мянган төгрөгөө аваад юунд зарцуулах талаар байр суурийг сонслоо.
Иргэдийн хувьд 300 мянган төгрөгөө хоол, хүнс, зээлээ төлөхөд зарцуулна гэсэн юм. Харин иргэдийн ямар дансанд орох талаар мэдээлэл байхгүй байлаа. Өнөөдрийн байдлаар зарим хүүхдүүдийн дансанд 300 мянган төгрөг орсон бол зарим хүүхдийн дансанд мөнгө ороогүй байна гэлээ.
Иргэдийн ямар дансанд 300 мянган төгрөг орох талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргилоос тодруулахад “Сангийн яамнаас Төрийн сан руу мөнгө шилжиж орсон тохиолдолд Монголбанк арилжааны банк руу 20 минутын дотор шилжүүлж байгаа. Өчигдөр Сангийн яамнаас 358.9 тэрбум төгрөгийн гүйлгээг хийж, хүүхдийн мөнгө олгодог данс руу шилжүүлсэн. Одоогоор Сангийн яамнаас санхүүжилт орж ирээгүй тул иргэдийн 300 мянган төгрөгийг арилжааны банкаар дамжуулан олгох боломжгүй байна. Иргэдийн ибаримт, тэтгэврийн данс, 1072 хувьцаа авч байсан данс гэх зэргээр төрийн сангаас иргэдийн аль данс руу шилжүүлэхийг хэлнэ. Тэр дагуу арилжааны банк шилжүүлнэ” гэлээ.
Түүнчлэн 300 мянган төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлэх тул арилжааны банканд дансгүй иргэд данс нээлгэх шаардлагатай ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.