ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд байрлах нүцгэн баримлууд нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж магадгүй тул зөвхөн насанд хүрсэн хүмүүст зориулсан өрөөнд шилжүүлэн байрлуулах хэрэгтэй гэсэн албан ёсны гомдлыг тус улсын Засгийн газрын агентлагаас илгээжээ.
Музейн Ерөнхий захирал Михаил Пиотровский энэ талаар мэдээлэхдээ ямар байгууллагаас ийм гомдол ирснийг нэрлэхээс татгалзсан байна. Тэрээр "Нэг иргэн бидэнд бүх нүцгэн баримлаа нэг өрөөнд цуглуулаад, "18+" гэсэн тэмдэг тавьж, хүүхдүүдийг хамгаал гэж хэлэхэд би тэр үед инээж байлаа. Харин одоо бидэнд Засгийн газрын агентлагаас албан ёсны гомдол ирсэн бөгөөд бид үүнд хариу өгөх хэрэгтэй болоод байна" гэж мэдэгджээ.
Харин тус улсын Парламентын гишүүн, Санкт-Петербург хотын уугуул оршин суугч Виталий Милонов энэхүү гомдлыг тэнэглэл гэж үзэж байгаа юм. Тэрээр "Энэ бол үнэхээр тэнэг хэрэг, ярих ч шаардлага байхгүй. Микеланжело болон бусад уран бүтээлчдийн сонгодог бүтээлүүд нь хэзээ ч, ямар ч байдлаар "18+" гэсэн ангилалд багтахгүй" хэмээн ярьжээ.
Эрмитаж урлаг, соёлын музей нь Оросын Эзэн хаадын оршин сууж байсан газар болох Өвлийн ордонд байрладаг бөгөөд дэлхийн хоёр дахь том урлагийн музей юм. Тус музей нь дэлхийн хэмжээний цуглуулгатай бөгөөд тэдний дунд Леонардо да Винчи, Рембрандт нарын уран зургууд төдийгүй Микеланжелогийн гантиг баримал болон Египетийн эртний олдворууд байдаг аж.
Эх сурвалж: RT
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.