Байгалийн гаралтай вирусийн халдвар нь аюултай бөгөөд түгээмэл байдаг. Дэлхий даяар шинээр гарч ирж буй халдварт өвчний 75 орчим хувь нь зоонозын буюу амьтнаас хүнд халдварлах өвчин байдаг аж.
ДЭМБ-ын хийсэн судалгаагаар коронавирусийн цар тахал ч мөн ийм замаар эхэлсэн байх өндөр магадлалтай. Эрдэмтдийн тооцоогоор хүн төрөлхтөн дэлхий дээр оршин буй вирусийн зөвхөн нэг хувийг л олж мэдээд байгаа аж. Тиймээс бид зоонозын халдварт өвчний гинжин хэлхээг таслахын тулд илүү их зүйл хийхгүй бол хэзээ нэгэн цагт "Ковид-19"-өөс хамаагүй илүү үхлийн аюултай цар тахалд өртөж болзошгүй юм.
Тэгвэл БНХАУ энэхүү хамтын хүчин чармайлтын төвд байх ёстой юм. Тус улсын зэрлэг ан амьтдын хууль ёсны наймааны зах зээл 2016 онд 80 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байжээ.
Хятадын Засгийн газар бараг бүх хуурай газрын зэрлэг ан амьтныг үржүүлж, борлуулахыг хориглоод байгаа билээ. Ийм төрлийн амьтдыг махных нь төлөө өсгөж байсан олон мянган фермийг хааж, хэд хэдэн зах, цахим худалдааны үйл ажиллагааг зогсоосон байна. Өнгөрсөн сард тус улсын дархан цаазат амьтдын жагсаалтад 500 гаруй зүйл нэмэгджээ. Мөн одооноос орон нутгийн албан тушаалтнуудыг эдгээр шинэ дүрмийг хэрхэн сайн хэрэгжүүлж байгаагаар нь үнэлэх аж.
Гэвч энэ бүхэн хангалтгүй байсаар байна. Тус улсад олон зэрлэг амьтдыг үслэг эдлэл, судалгаа шинжилгээ болон Хятадын уламжлалт анагаах ухаанд ашиглах зорилгоор үржүүлэх боломжтой хэвээр байгаа. Эдгээр фермүүд ихэвчлэн аюулгүй байдлын протоколыг мөрддөггүй учир шинэ өвчин тараах аюул ямагт байсаар байгаа билээ. Эрх баригчид эдгээр бизнест чанга хатуу хяналт тавьж, хууль зөрчигчдийг шийтгэн, малын эмч нарын хүрэлцээгүй байдлыг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм.
Мэдээж асуудал зөвхөн БНХАУ-аар хязгаарлагдахгүй. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хангалттай зай талбайгүй зэрлэг ан амьтдын захууд Зүүн Өмнөд Ази, Африк зэрэг дэлхийн бусад хэсэгт үйл ажиллагаа явуулсаар байна. Түүнчлэн Хятадын шинэ хууль, хязгаарлалтын улмаас эдгээр улс, орон дахь зах зээл улам өргөжих аюултай юм.
АНУ нь зэрлэг ан амьтдын дэлхийн хамгийн том импортлогч улс хэдий ч оруулж ирж байгаа амьтад нь шинэ төрлийн эмгэг төрүүлэгч бичил биетэн тээж байгаа эсэхийг огт шалгадаггүй байна.
Өөр нэгэн том асуудал бол зэрлэг ан амьтдын хууль бус наймаа билээ. Хэдий цар тахлын үед ийм төрлийн хууль бус үйл ажиллагаа багасаад байгаа хэдий ч хил дамнасан худалдаа идэвхжихийн хэрээр хулгайн ан, хууль бус наймаа эрхлэгчдийг илрүүлж, хатуу хариуцлага хүлээлгэх ёстой юм.
Эцэст нь, дэлхий даяар зоонозын халдварт өвчин тархах гол шалтгаан нь зэрлэг амьтдын амьдрах орчныг устган, сүйтгэж байгаа явдал юм. Ой модыг тэр чигээр нь тайран устгах, уул уурхайн ажил, томоохон хэмжээний газар тариалан, өргөн хүрээний бүтээн байгуулалт зэрэг хүний үйлдлийн улмаас янз бүрийн амьтад өөр хоорондоо болон хүмүүстэй ойртож, вирусийг мутацид оруулан, замбараагүй тархахад хүргэдэг байна.
Эх сурвалж: Bloomberg
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.