УИХ-ын Пүрэв гаргийн чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2021.4.8/ 10.00 цагт эхэллээ. Чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.
Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж байх ёстой Үндсэн хуулийн цэцийг байгуулах, түүний гишүүнийг томилж, чөлөөлөх асуудалд УИХ дур зоргын байдлаар хандах, Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдоогүй эрхийг эдлэх боломжгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзээд байгаа юм.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн дэмжиж байна. УИХ хууль дээдлэх зарчмаа уландаа гишгэж, олонхийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж байгаад гүнээ харамсаж байна. Шүүх эрх мэдэл, Үндсэн хуулийн цэцэд олонхиороо халдаж байна. Хууль дээдлэх асуудал хэн нэгний улс төрийн шийдвэр биш хууль байх ёстой. Энэ зарчмыг МАН алдагдуулж байна. Олонхиороо түрий барьж зарим гишүүн Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд халдсан үг хэлж байгаа нь ёс зүйгүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: АН-ын нөхөд, Ерөнхийлөгчийн институтийг ойлгож байна. Хэт их эрх мэдэл булаацалдаж байгаа мэт харагдуулж байна. Ойлгож байна. Нэг талдаа ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч буланд шахагдаад хэцүү байгаа юм шиг харагдуулаад байна. Ерөнхийлөгчийн эрхийг булаах гээд байгаа юм биш. Тэнцвэрийг хадгалах гээд байгаа юм. Сүүлийн 10 жилд Ерөнхийлөгч гэдэг хүн авлигатай тэмцэж, хууль тогтоох гээд бүх зүйл дээр орж явсныг нь тэнцвэржүүлэх гээд байгаа юм. Ерөнхийлөгч хүчгүй болоод байгаа юм биш.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжтой талаар тайлбар гаргасан тул Ш.Цогтоо нарыг чөлөөлөх гээд байгаа шүү дээ. Та нар удахгүй хоорондоо муудалцаж эхэлнэ. Тогтоолын төслийн хоёрдугаарт байгааг байнгын хороогоор хэлэлцүүлэхгүй оруулж ирсэн чинь дараа нь Г.Занданшатар даргад дэгээ тавьж байгаа юм биш үү. Ш.Цогтоо бол Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлалтай Х.Баттулгыг дахин дэвшиж болно гэсэн шийдвэр гаргасан тул чөлөөлж, Д.Солонго нь манай намын дарга У.Хүрэлсүхийн 42-р тойргийн сонгуулийг хойшлуулж өгсөн тул үлдээж байна гээд л тайлбараа хэлчих л дээ та нар.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хугацааны хувьд сонгуультай давхцаж байгаа болохоос биш огтоос тийм биш. Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд нэрээ оруулж ирэхгүй байсаар 3-р сард л оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Цар тахалтай нүүр тулаад 1.4 жил боллоо. УИХ, Засгийн газар өнгөрсөн хугацаанд ковидоор дамжуулж, сонгуулийн бэлтгэлээ хийлээ. Жилийн хугацаанд ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй л тэмцлээ шүү дээ та нар. Ямар ч хэрэггүй хуулиудыг хэлэлцэж байна. Баяр наадмын тухай хууль, морины сэрвээний тухай хууль ч гэж байх шиг. Бүтэн жил гаруйн хугацаа өнгөрч байхад та нар бүх аймагтаа яагаад PCR төхөөрөмж аваад тавиагүй юм бэ. Хийх ажил их байхад ҮХЦ-ийн асуудлыг л яриад байгаа юм. Асуултад худлаа тайлбар хийж байгаа учраас би асуулт асуухгүй. Тавчиктай эмэгтэй гарч ирэхэд Засгийн газар нь огцорч байсан. Гэтэл түүнээс хойш өчнөөн асуудал болоход дүлий юм шиг байж байснаа Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр танхимаар хуралдаад л. Хоёр хүн хоёулаа 1.4 жилийн хугацаа өнгөрч байхад цаг хугацааны мөчлөг ингэж таарлаа гэж тайлбар хэлж байх юм, С.Бямбацогт. Таарлаа юу.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Цахимаар хуралдахад үг хэлэх минут 2 байгаа тул танхимаар хуралдаж үг хэлэх минутыг нэмж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ч.Туваан: Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хууль дээр маргаан үүсч байгаад гайхаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг сонгож болох, болохгүй гээд маргаад байж болох уу.
Цэцийн хоёр гишүүний асуудлыг ярьж байхад нэгийг нь үлдээгээд нэгийг нь аваад үлдчихэж болдог юм уу. АН-ыг дэмжсэн шийдвэр гаргаж байгааг нь явуулчихдаг, нөгөөхийг нь үлдээж байгаа нь тэгш эрхэд нийцэх үү. Сонгуульд хоёр гарыг, хоёр хөлтэй нь хүлчхээд өрсөлдөх гээд байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд УИХ халдаад байна уу, УИХ-ын эрхэд Ерөнхийлөгч халдаад байна уу. Гэтэл Covid-19-ийн нөхцөл байдал хүндэрч байгаа тул үүнд түлхүү анхаарах шаардлагатай байгаа. Энэ үед хуульч, гишүүд Цэцийн гишүүдийн
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сонгуультай холбоотойгоор улс төр хийгээд багаа болохоос хууль зөрчсөн зүйл байхгүй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Цэц 10 гишүүнтэй болох гээд байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ёс зүйгүй хүмүүс Цэцэд байгаа бол хариуцлага тооц. Дээд шүүх хоёр хүн ирүүлэх ёстой юм бол яагаад нэг хүн ирүүлсэн юм бэ. Хуулиа хэрэгжүүлэхгүй бол энэ улс жонхуураад дууслаа. Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг, аль ч шатанд хуулийг ягштал биелүүлдэг болмоор байна. Цэр нь цээжиндээ, бөгс нь бөөрөндөө байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн энэ хоригийг хүлээж авч болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Олонхоороо түрүү барьж Үндсэн хуулийг зөрчиж байна. Үндсэн хуулийн бага суудлын хуралдаанаар нэг хүнийг нь сугалаад авч байна. Үүнийг яаж ч тайлбарлаад хэрэггүй. Үргэлжилж байгаа хурал дууссаны маргааш нь чөлөөлж болоогүй юм уу. Ажлаа хийж байхад нь шууд сугалаад хаяж болдог юм уу. Энэ асуудал 1.4 жил хэвийн үргэлжилж байсан атал яг хурлын үеэр сугалдаг нь ямар учиртай юм бэ. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг нэгээр нь сугалж байна. Хууль хяналтын байгууллагаас гараа татах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Өнөөдрийн яригдаж байгаа асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоод завааруулаад байна. Хуулийн заалт нь байхгүй болохоор Цэцийн гишүүний томилгоог 1.4 жил хүлээсэн юм. Цэцэд байгаа АН-ыг дэмжиж байгаа хүнийг сугаллаа гэж ярьж байна. Цэцэд манай хүн танай хүн гэх зүйл байж болохгүй. Гуравт, Үндсэн хуулийн хямрал руу явж байна гэлээ, гудамжид гарах гэж байна гэлээ. Ийм яриаг бэлдэж, уриалж дуудаж байгаа хүн хэлдэг. Бид сэрэмжтэй байх хэрэгтэй болж.
“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолын хоёр дахь хэсэг болох бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй гэсэнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.