ОХУ-ын "Мир 24" сувгийн сурвалжлагч Надежда Серёжкина Москвагийн цаг агаарын талаарх мэдээллийг шууд дамжуулж байх үеэр нэгэн өхөөрдөм нохой түүний өнгөт микрофоныг "хулгайлаад" зугтжээ.
Оросын цахим орчинд тренд болоод байгаа энэхүү бичлэгт цаг уурын сурвалжлагч Серёжкина тус улсын нийслэл хотод хавар ирсэн талаар шууд мэдээлж байсан бөгөөд нохойд микрофоноо алдсаныхаа дараа араас нь гүйж харагдсан бөгөөд дүрс удалгүй студи рүү шилжсэн байна. Үүний дараахан Серёжкина багахан "гэмтэл" авсан микрофоноо гартаа атган эргэж ирээд, Мартин хэмээх алтлаг анч нохойн хамт шууд нэвтрүүлгээ амжилттай дуусгасан юм.
Мартин бол "Эелдэг, дэггүй" нохой бөгөөд Серёжкина удалгүй түүнтэй дахин уулзаж, ярилцлага авахаар төлөвлөж байгаа гэж "Мир 24" сувгаас мэдээлжээ. Харин үзэгчид гэнэтийн нөхцөл байдлыг мэргэжлийн байдлаар шийдвэрлэж, шууд дамжуулалтаа дуусгасан сурвалжлагч Надежда Серёжкинаг магтаж байгаа юм.
Эх сурвалж: UPI, Мир 24
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.