УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль санаачлагч Х.Нямбаатар танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Монголд насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай байгаа судалгаа бий. Ингээд тооцвол архидан согтуурах донтой 10 мянга гаруй хүн байна. Архи үйлдвэрлэгч нь тухайн бүтээгдэхүүнийг оюуны өмчид бүртгүүлсэн байдаг юм билээ. Төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэхгүй байхад хуулийн зарим зорилго оршиж байна.
Одоогоор 10 мянга гаруй иргэнд албадан эмчилгээ хийх шаардлагатай. Үүнээс гадна мансууруулах болон тоглоом зэрэг хэд хэд зүйлийн донтой хүн СЭМҮТ-д эмчлүүлж байна. Донтох өвчний эсрэг Засгийн газрын сан байгуулах хэрэгтэй байна.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Уг төслийг дэмжинэ. Хуулийн төсөл дээр хэд хэдэн зүйлийг анхаарч ярих ёстой. Монгол Улсад үйлдэгдэж байгаа бүх гэмт хэрэг архинаас болж байна. Тиймээс архидан согтууралтыг энэ хуульд хатуу байдлаар оруулах хэрэгтэй. Төрт улсыг үндэслэсэн эрхэм хүн Чингис хаанаар нэрлэсэн архи үйлдвэрлэж байна. Төрийн сүлд, соёмботой архи үйлдвэрлэж байна. Түүнийгээ хамаагүй хаяж байна. Үүнд зохицуулалт хиймээр байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Архи согтууруулах ундаа худалдахад цагийн хязгаарлалт тогтоох өгөх боломж бий юу. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн дахин худалдаалахыг хориглох тухай тусгаж өгөх үү.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Энэ асуудлуудыг тусгаж өгсөн. Тухайлбал архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд дахин үйлчилсэн газрын онцгой зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах зохицуулалтуудыг тусгаж өгсөн. 2000 оны хуульд дүн шинжилгээ хийж тусгай зөвшөөрлийн хугацааг тогтоосон. Савлагааны тухайд жижгээр савладаг байдлыг хориглож байгаа. Соёлтой хэрэглээний хувьд бармен, үйлчлүүлэгчдийг заавал сургалтад хамруулах, усны хэрэглээг үнэ төлбөргүй болгох, нийтийн тээврээр зорчих маршрутыг зааж өгөх, хэт их согтуурсан хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх зэргийг оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглох заалт оруулж өгөх санал гаргаж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Ялангуяа төрийн албан хаагч ажлын байрандаа архидан согтуурахыг бусад хуулиудад хатуу хориглосон заалт бий.
Манай улсад 2019 оны байдлаар 68 архины үйлдвэр байгаагаас 18 аймаг огт архины үйлдвэргүй ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.