БНХАУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Xiaomi технологийн компани цахилгаан автомашины салбарт ирэх арван жилийн хугацаанд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Тус компани ухаалаг цахилгаан автомашиныг илүү чанартайгаар үйлдвэрлэх зорилго тавьсан гэдгээ мягмар гарагт мэдэгдсэн байна.
Xiaomi нь Хятадын хамгийн том, дэлхийд Apple, Samsung-ийн дараа гуравдугаарт ордог технологийн компани юм. Xiaomi-аас гадна ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн дундаас Apple, Huawei компаниуд ухаалаг цахилгаан автомашины зах зээлд өрсөлдөхөөр болсон.
Тус компанийн гүйцэтгэх захирал Лей Жуны мэдэгдсэнээр эхний ээлжинд 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах ажээ. Ажиглагч, шинжээчдийн таамаглаж байгаагаар Xiaomi компанийн цахилгаан автомашины зах зээл дээрх өрсөлдөөн тийм ч амар хялбар байхгүй болов уу.
Учир нь Хятадад олон зуун компани хэдийнээ өрсөлдөөнд хүчээ авсан бөгөөд Элон Маскийн Tesla компани Шанхай дахь үйлдвэртээ Model Y загварыг үйлдвэрлэж эхэлсэн ба Ford компани Мустанг загварынхаа цахилгаан хувилбарыг үйлдвэрлэхээр төлөвлөөд байна. Мөн Хятадын шилдэг хөдөлгүүр үйлдвэрлэгч Baidu цахилгаан машины салбарт хүч үзэхээ өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.