Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын дэмжлэгтэй хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс охид, эмэгтэйчүүдийг -хамгаалах, урьдчилан сэргийлэх, “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аян зохион байгуулж байгаа билээ.
НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн ажилтан С.Мөнхчулуун: Энэ гэмт хэрэг хүний сайн сайханд хүрэх гэсэн мөрөөдлийг хулгайлж, хуурч мэхлэн, заналхийлж, хяналтдаа байлгах хэлбэрээр үйлдэгддэг. Хөдөө орон нутгаас хот руу, мөн гадаадад сурч ажиллахаар шилжин суурьших шийдвэр гаргасан охид эмэгтэйчүүдийг мэдээлэлгүй, мэдлэггүй байдлыг далимдуулан хохирогч болгодог.
Тийм учраас хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн талаарх мэдлэг, мэдээлэл олгох “Мөрөөдлийн шүхэр” аяныг зохион байгуулж байна. Яагаад охид, эмэгтэйчүүдийг хамгаалах тал дээр анхаарч байна гэвэл гэмт хэрэгт 18-27 насны охид, эмэгтэйчүүд өртөж байгаа учраас энэ насны эмэгтэйчүүдэд мэдээлэл, мэдлэг олгохоор болсон.
Эрүүгийн цагдаагийн газрын өгч байгаа мэдээллээр жилд 10 гаруй хэрэг бүртгэгдэж байна. Өнгөрсөн жил хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн 14 хэрэг бүртгэгдсэний ард 40 хохирогч байсан. Энэ бол зөвхөн илэрсэн тохиолдол хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөг далд хэлбэрээр үйлдэгддэг. Илрээгүй хэрэг хэд байгааг мэдэхгүй. ТББ-д хандаж байгаа тоо цагдаад хандаж байгаагаас хоёр дахин их байдаг. Монголд энэ төрлийн гэмт хэрэг байна. Өнгөрсөн жил шүүхээр найман хэрэг шийдвэрлэсэн байдаг.
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ихэнхдээ таньдаг, мэддэг хүн нь хуурч мэхэлдэг, эсвэл хуурамч ажлын саналаар дамжуулан хохироож байна. Хүйсийн тэгш эрхийн төв энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг олж илрүүлж, хамгаалалтанд авч, эргээд нийгэмшүүлэх ажлыг хийж ирсэн. Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд 2000 гаруй хүнд туслалцаа үзүүлсний 800 орчим нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон нь тогтоогджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.