АНУ-ын Коннектикут мужийн нэгэн эр хуучин эд хогшлын зах дээрээс ердөө 35 ам.доллароор худалдаж авсан жижиг аяга нь 15-р зууны Хятадын ховор олдвор болох нь тогтоогдсон бөгөөд өнгөрөгч лхагва гарагт болсон дуудлага худалдаагаар бараг 722,000 ам.доллароор зарагджээ.
Кобальт цэнхэр өнгийн цэцгэн хээ болон бусад хээгээр чимэглэсэн энэхүү жижиг, цагаан аяга нь дэлхий дээрх ийм төрлийн долоохон аяганы нэг аж. "Sotheby’s" дуудлага худалдааны компани нь тус шаазан аягыг "Азийн долоо хоног" арга хэмжээний хүрээнд Хятадын бусад урлагийн бүтээлүүдийн хамт дуудлага худалдаагаар оруулсан байна. Компанийн зүгээс худалдагч болон худалдан авагчийн нэрийг нууцалжээ.
Мэргэжилтнүүд уг аягыг 300,000-500,000 ам.долларын үнэд хүрнэ гэж таамаглаж байсан билээ. Лхагва гарагийн дуудлага худалдаанд 15 хүн цахимаар болон утсаар оролцсон бөгөөд эцэст нь нэгэн худалдан авагч 580,000 ам.доллар санал болгож, энэхүү ховор эдлэлийг өөрийн болгосон байна. Ингээд бусад нэмэлт төлбөрийг багтааснаар албан ёсны худалдан авах үнэ нь 721,800 ам.доллар болсон аж.
АНУ-ын нэгэн эртний эдлэл сонирхогч Мин гүрний үеийн энэхүү аягыг Нью Хейвен орчмын хуучин эдлэлийн худалдаанаас олж авсан бөгөөд үүнийг онцгой зүйл байж магадгүй гэж таамаглан, "Sotheby’s"-ын шинжээч нарт гэрэл зураг илгээн, үнэлгээ хийлгэхийг хүссэн байна.
Энэхүү ховор аяга ямар замаар АНУ-д ирэн, хуучин эдлэлийн зах дээр худалдаалагдаж байсан нь нууц хэвээр байна.
Эх сурвалж: The Huffington Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.