Туркийн агуйгаас хурааж авдаг "Centauri" хэмээх зөгийн бал нь дэлхийн хамгийн үнэтэй зөгийн балаар тодорч, Гиннесийн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Энэхүү зөгийн балын нэг паунд буюу ойролцоогоор 453 грамм нь 5,409 ам.долларын үнэтэй аж.
Гиннесийн хорооноос мэдээлснээр "Centauri" зөгийн балыг далайн түвшнээс дээш 2,438 метрт орших агуйгаас хурааж авдаг байна. Тус зөгийн бал нь бараан өнгөтэй ба гашуун амттай байдаг аж. Мөн магни, кали, фенол, флавоноид, үл исэлдүүлэгчээр баялаг бөгөөд эмчилгээний ашиг тусаараа өндөр үнэлэгддэг байна.
Ихэнх арилжааны зөгийн балын компаниуд жилд хоёроос гурван удаа зөгийн балаа хурааж авдаг бол "Centauri" компани жилд нэг л удаа зөгийн бал хурааж авах боломжтой байдаг гэнэ. Энэ нь зөгийнүүдийн тайван байдлыг алдагдуулахгүй байх зорилготой аж.
Компанийн мэргэжилтнүүд хураан авсан зөгийн балынхаа дээжийг Туркийн эрдэм шинжилгээний зөвлөл болон Хүнсний хүрээлэн рүү илгээж, чанарыг нь баталгаажуулдаг байна.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.