Ташнува Анан Шишир бусдын доромжлол, үзэн ядалт, дарамт шахалт, амиа егүүтгэх олон удаагийн оролдлогын дараа улс орон даяар телевизийн дэлгэцээр мэдээ уншсан анхны трансжендэр хөтлөгч болов.
Анан Шишир амжилттай мэдээ уншиж дуусан, камерууд унтарсны дараа хамтран ажиллагсад нь алга ташин баяр хүргэж, тэрээр нулимсаа барьж дийлэлгүй уйлжээ.
Бангладеш улсад ойролцоогоор 1,5 сая трансжендэр иргэн амьдардаг. Тэд хүний наймаа, бэлгийн хүчирхийлэл, бусдын дарамт шахалтын хохирогч болсоор иржээ.
Гэвч Анан Шишир энэ бүхнийг сөрөн зогсож, хүсэл зорилгынхоо төлөө тэмцсэний үр дүнд Бойшакхи хувийн телевизийн эфирт гурван минутын турш мэдээ дамжуулсан байна. Тэрээр Камал Хоссэйн Шишир гэдэг нэртэй байсан бөгөөд өсвөр насандаа өөрийгөө эрэгтэй хүний биед төрсөн эмэгтэй хүн гэдгээ таньж мэджээ. Үүнээсээ болж аавтайгаа олон жилийн турш үг дуугараагүй бөгөөд хүчирхийллийн хохирогч болж, дөрвөн ч удаа амиа егүүтгэхийг оролдсон байна.
Эцэст нь гэрээсээ зугтаж нийслэл Дака хотод амьдрахаар ганцаараа иржээ. Тэр буяны байгууллагууд, театрт ажиллаж, хажуугаар нь суралцаж, гормоны эмчилгээнд орсон байна. Нэгдүгээр сард тэрээр Дака хотын Анагаах ухааны улсын сургуульд магистрын зэрэг горилж элсэн суралцсан анхны трансжендэр хүн болжээ.
Бангладеш улсад 2013 оноос хойш хүйсээ солиулсан хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй хүйсээс гадна тусад нь авч үздэг болсон байна. 2018 оноос тэднийг гуравдагч хүйсийн хүмүүст тооцож сонгуульд санал өгөх эрхийг нь олгожээ.
Анан Шишир олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт анхны эфиртээ гарсан нь олон нийт тэднийг хүлээн зөвшөөрч эхэлсний илэрхийлэл гэж үзжээ. Түүний энэ алхмыг түүхэн үйл явдал гэж хүний эрхийг хамгаалагчид онцолсон байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.