Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж байна.
Шуурхай штаб бүтэц бүхэлдэхүүнд өөрчлөлт оруулж, байршлын тухайд ЭМЯ-аас ОБЕГ-т шилжин ирсэн. Цаашид тус штаб 24 цагаар ажиллахаар болсон.
Шадар сайдын зүгээс ШШ-ын ажлын хэсгүүдийн ахлагч нараас тухайн ажлын хэсэгтэй холбоотой нийтлэг асуудлыг асуун, хэрхэн шийдвэрлэж ажиллаж байгааг тодруулав.
Улаанбаатар хотод сүүлийн сарын хугацаанд гарсан коронавирусийн халдварын 21 голомт өндөр идэвхжилтэй байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.
Аймгуудад халдвар шинээр бүтгэгдэж байгаатай холбоотойгоор шаардлагатай сорьцыг хуваарилж эхэлж байгаа юм байна.
Төв аймагт халдварын 4 тохиолдол батлагдсантай холбоотойгоор 5,000 хүнд PCR шинжилгээ хийх шаардлагатай болсон талаар Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Тус аймаг дотоод нөөцөөсөө 4,000 хүнд шинжилгээ хийх боломжтой бол 1,000 сорьц шаардлагатай байгааг ЭМЯ-наас хүсжээ.
Нийслэлийн хэмжээнд тусгаарлах 31 байр үйл ажиллагаа явуулж байгааг Шуурхай штабын Тусгаарлан ажиглах байрны багийн ахлагч н.Бунд-Очир танилцуулав.
Эдгээр байранд гадаадаас ирсэн иргэдийн 10 хоног тусгаарлаад 4 хоног гэрийн ажиглалтад гаргаж байгаа бол дотоодын иргэдийг 7 хоног тусгаарлаад гэрт нь дахин 7 хоног тусгаарлаж байна. Шинжилгээг гаднаас ирсэн иргэдээс найм дахь хоног, дотоодын иргэдийг зургаа дахь хоног дээр нь авч байгааг хэллээ.
Өчигдрийн байдлаар нийслэлд хэсэгчлэн хөл хорьсон зургаан байршилд 1,200 гаруй өрхийн 3,000 гаруй хүн хөл хорионд байна.
Шуурхай штабын бүрэлдэхүүний ажлын уялдаа, бэлэн байдлын түвшин хангалттай биш байна хэмээн Шадар сайд онцлов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.