Палестины эмнэлгийн ажилчдад зориулсан коронавирусийн эсрэг вакциныг тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг болон сайд нарт тарьсан болохыг Эрүүл мэндийн яамнаас нь хүлээн зөвшөөрчээ.
Хүний эрх болон иргэний нийгмийн байгууллагууд Палестины вакцинжуулалтын аяныг шүүмжлэн, мөрдөн байцаалт хийхийг уриалсны дараа албаныхан ийнхүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Тус улсын Эрүүл мэндийн яам хүлээн авсан 12 мянган тун вакциныхаа 10 хувийг хөлбөмбөгийн баг, сайд нар, Ерөнхийлөгчийн харуулууд болон Палестины чөлөөлөх байгууллагын гүйцэтгэх хорооны гишүүдэд өгсөн гэдгээ ил болгожээ.
Гэхдээ вакцины үлдсэн 90 хувийг эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг дахь коронавирусийн өвчтөнүүдийг эмчилж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон Эрүүл мэндийн яамны ажилтнуудад түгээсэн гэж тэмдэглэсэн байна. Нийт 5.2 сая палестин иргэд оршин суудаг Баруун эрэг ба Газа нь өнөөдрийг хүртэл 34,700 орчим коронавирусийн вакцин хүлээн аваад байгаа юм.
Палестинд 15 жилийн дараа анх удаа сонгууль болох тухай Ерөнхийлөгч Махмуд Аббас өнгөрсөн сард зарласан билээ. Тэгвэл вакцин хийлгэсэн сайд, аюулгүй байдлын ажилтнууд "Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай шууд холбоотой байсан" гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. Мөн вакцин хийлгэсэн бусад албан тушаалтнууд сонгуулийн ажилтнууд байсан байна.
Эх сурвалж: Sky News