Нидерландын Бовенкарспел хотын коронавирусийн шинжилгээний төвд дэлбэрэлт болж, азаар хүний амь эрсдээгүй байна. Албаныхан үүнийг санаатай халдлага байсан гэж үзэж байгаа юм.
Тус улсын хэвлэл мэдээллийн агентлагууд шинжилгээний төвийн гадаа гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэрсэн хэмээн мэдээлжээ. Дэлбэрэлт өнгөрөгч лхагва гарагийн өглөө 06:55 цагт болсон бөгөөд албаныхан одоо уг бүсийг битүүмжилсэн байна. Тэсрэх бодисын шинжээчид газар дээр нь үзлэг хийж байгаа бөгөөд шинжилгээний төвийг түр хугацаагаар хаагаад байгаа юм.
Цагдаагийн төлөөлөгч Менно Хартенберг "Тэсрэх бөмбөг нь санамсаргүй байдлаар шинжилгээний төвийн гадна байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ бид сэжигтнийг олж тогтоон, байцаасны дараа л ямар шалтгаантай ийм хэрэг үйлдсэнийг нь мэдэх болно" хэмээн мэдээлэл өгчээ. Харин Нидерландын Эрүүл мэндийн сайд Уго де Жонгэ "Жил гаруй хугацаанд бид фронтын шугам дээр ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдад түшиглэсээр ирсэн. Гэтэл ийм зүйл болох гэж. Энэ бол галзуу явдал" хэмээн өөрийн "Твиттер" хуудаснаа бичжээ.
Энэ нь тус улсын коронавирусийн шинжилгээний цэг халдлагад өртсөн анхны тохиолдол биш юм. Өнгөрөгч нэгдүгээр сард Нидерланд даяар хөл хорио тогтоосноос үүдэлтэй үймээн самууны үеэр иргэд Урк тосгоны шинжилгээний төвийг галдан шатаасан байна.
Эх сурвалж: The Guardian, Associated Press