Грек улсын төвийн бүсэд лхагва гарагт 6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Аврах албаныхан газар хөдлөлтийн дараа нурсан байшингийн хог нурангин доороос иргэдийг аварсан байна.
Газар хөдлөлтийн голомт Элассона тосгоны ойролцоо, хөрсний гүний найман км-т бүртгэгджээ. Бүс нутагт хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, иргэдийг гэртээ орохгүй байхыг сэрэмжлүүлсэн байна.
Уг газар хөдлөлт Балканы улс орнууд болох Албани, Косово, Монтенегро, Умард Македонид мэдрэгджээ. Үд дундын үед Грекийн Ларисса хотод байшин барилга савлаж иргэд гэр, албан газраасаа гарч гүйлджээ. Ларисса хотын ойролцоо байдаг Дамаси суурины оршин суугчид өнгөрсөн шөнийг хөлбөмбөгийн талбайд өнгөрөөсөн байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас иргэд хүнд бэртэл гэмтэл авсан болон нас барсан тухай мэдэгдээгүй. Нэг хүн байшингийн нурангинд дарагдаж хөнгөн бэртсэн байна.
Дамаси сууринд сургуулийн барилга нурах үед тус сургуулийн багш 63 сурагч, 10 багшийг аварч гаргасан бөгөөд түүний баатарлаг үйлсийг Грекийн Ерөнхий сайд Кариакос Мицотакис сайшаан магтжээ. Пүрэв гарагийн байдлаар газар хөдлөлтийн бүс нутагт сургуулиудыг хаалттай үлдээсэн байна.
Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглу Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас руу утсаар залгаж тусламж үзүүлэхээ мэдэгдэв. Грекийн газарзүйн байрлал газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог ба Элласонад хамгийн сүүлд 250 жилийн өмнө газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл бүртгэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.