"Том асуулт" хүүхдийн номын зургийн үзэсгэлэн Монголд анх удаа олны хүртээл болж байна. “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцын зураач Б.Төрмөнхийн анхны бие даасан үзэсгэлэн Café 4450 энэ сарын 1-нд нээлтээ хийсэн. Ингээд зураач Б.Төрмөнхөөс номын зургийн үзэсгэлэнгийн талаар тодрууллаа.
Зураач Б.Төрмөнх: Миний хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд хүүхдийн номын зураачаар ажиллаж байна. Хүүхдэд ном ямар ач холбогдолтой вэ гэдэг асуулт эцэг, эхчүүдээс маш их ирдэг. Иймээс үзэсгэлэнгээ “Том асуулт” гэж нэрлэсэн. Хүүхэд ном уншиж чадахгүй ч гэсэн зургаар дамжуулж, агуулгыг нь ойлгодог тул хүүхдийн номын зураг бол маш их ач холбогдолтой. Иймээс ч сүүлийн 10 жил зурсан номын зургийг олон нийтэд танилцуулж байна.
Хүүхэд зурагт номоос хүн ёсны үнэт зүйлийг зургаар дамжуулан ойлгодог тул эцэг, эхчүүд хүүхдэдээ багаас зурагт ном үзүүлж, хамт ярилцан унших хэрэгтэй.
Хүүхдийн номын “Жангар” редакцаас “Монголын нууц товчоо”-г мөн л хүүхдүүдэд зориулан гаргасан. Хүүхдүүд битгий хэл, томчууд ойлгоход бэрх томоохон зохиолуудыг сонгож авахын учир юу байв?
Монсудар хэвлэлийн газар хүүхдийн Жангар редакц өв соёлдоо хайртай хандаж буйгаа эдгээр номоор илэрхийлэн гаргаж байгаа юм. Үүний хүрээнд бид “Монгол үлгэр зурагт ном” гэсэн төсөл эхлүүлээд одоогийн байдлаар 10 орчим зурагт ном гаргаад байна. Үүнээс гадна эртний уран зохиол гэсэн төсөл хэрэгжүүлж, Монгол ардын эртний уран зохиолууд болох “Гэсэр, Жангар”, “Эрийн сайн Хан харангуй”, “Монголын нууц товчоо зэрэг шилдэг бүтээлийг хүүхдүүдэд зориулан гаргаад байна.
Ер нь манайхан өв соёл, үндэсний уламжлалт зүйлсээ хайрлан хамгаалж байгаа гээд л байдаг. Үнэн хэрэгтээ үнэт чанарыг нь ойлгохгүй байна. Үнэ цэнийг нь хүүхдүүдэд багаас нь таниулах хэрэгтэй. Аман зохиолын гэхэд л цээжлүүлэх төдийхнөөр ашиглаж байгаа юм. Цээжлэх гэдэг нь ойлгох гэдгээс ангид зүйл. Уг нь ерөнхий боловсрол болон их, дээд сургуулийн сургалтын программд Монголын нууц товчоог судлах талаар хөтөлбөрт нь тусгачихсан. Гэтэл хүүхэд, залуус тухайн түүхийг автоматаар цээжлээд үүнийгээ багшдаа ярьж өгдөг. Ингээд дүн төдийхөн болоод үлдэж байна. Хүмүүсээс асуухад “Нууц товчоог уншиж байсан” гэхээс биш ойлгосон гэж тэр бүр хэлдэггүй шүү дээ. Тэгэхээр бид өв соёлдоо хайртай байхын учрыг хүүхэд байхаас нь таниулахыг зорьж байгаа юм. Үүний тулд энэ зохиолын агуулгыг хүүхдэд үнэн зөв, ойлгомжтой хүргэхийг хичээсэн. Ингээд хүүхэд тэр нууцын чинадад нь өөрөө хүрэх замыг нь тавьж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.