Олон улсын цагдаагийн Интерпол сүлжээний мэдээлснээр БНХАУ болон Өмнөд Африкийн нутаг дэвсгэрээс Ковид-19-ийн хуурамч вакцины олон мянган тунг олж илрүүлсэн байна.
Хятадад Интерполын цагдаа нар олон мянган тун хуурамч вакцин үйлдвэрлэсэн үйлдвэрт ажиллаж байсан 80 орчим сэжигтнийг баривчлан саатуулжээ. Үйлдвэрээс цагдаа нар багадаа 3,000 тун хуурамч вакцин олсон байна.
Мөн Өмнөд Африкийн Гуатенг муж дахь агуулах байрнаас Хятадын гурав, Замбийн нэг иргэнийг баривчилжээ. Уг агуулахаас 2,400 тун хуурамч вакцин илрүүлсэн байна. Хуурамч вакцинуудаас гадна хуурамч М3 амны хаалтуудыг их хэмжээгээр илрүүлжээ.
Интерполд дээрх тохиолдлуудаас гадна коронавирусийн эсрэг хуурамч вакцин үйлдвэрлэж байгаа бусад олон тооны сүлжээний тухай мэдээллүүд ирсээр байгаа гэжээ.
Коронавируст цар тахлаар дэлхий дээр 115 сая хүн өвчилж, 2,5 сая гаруй хүн амь насаа алдаад байгаа. Цар тахлаас ангижрах цорын ганц арга зам бол вакцинжуулалт гэж үзсэн. Дэлхийн улс орнуудад вакцинжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч зарим улс оронд хүртээмжгүй, удаашралтай явагдаж байна. Тэр дундаа ядуу буурай улс орнууд вакцинжуулалтаас хоцорч байна.
Энэ үед хуурамч вакцин үйлдвэрлэж олон нийтийн эрүүл мэндийг хохироож, ашиг хонжоо хайсан үйлдэл гарах болсон. Тиймээс олон улсын цагдаагийн байгууллагын зүгээс цахим сүлжээнүүдээр сурталчилж байгаа хууль бус, зөвшөөрөлгүй, туршигдаагүй вакцинууд аюултай байж болзошгүй тул хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүллээ.
Интерпол өнгөрсөн 12 дугаар сард дэлхийн 194 орны цагдаагийн байгууллагуудад Ковид-19-ийн хуурамч вакцины гэмт хэргийн сүлжээ үүсч болзошгүй тул сонор сэрэмжтэй, бэлтгэлтэй байхыг анхааруулж байжээ.
Өнгөрсөн сард Хятадад давсны уусмал, эрдэстэй усыг Ковид-19-ийн эсрэг вакцин гэж хуурсан олон сая ам.долларын луйврын гэмт хэргийн удирдагчийг баривчлан саатуулсан. Сэжигтэн Хонконгийн иргэн ба 70 орчим хүний хамт баригдсан. Тэрээр багийн гишүүдийн хамт хуурамч вакцин үйлдвэрлэж гурван сая ам.долларын ашиг олоод байжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм юм хийлгэж үйл тамаа эдэлсэнээс мөрөөрөө байж байгаад үхсэнинь дээр боллоо,вакзинтайч үхэнэ,вакзингүй ч үхэхээс хойш гадны хог шаар хийлгэж үйлээ үзэхээр мөрөөрөө нүд анихаар шийдлээ