АНУ-ын Техас муж амны хаалт зүүх шаардлагыг цуцалж, ирэх долоо хоногоос аж ахуй нэгжүүдээ бүрэн хүчин чадлаар нь нээнэ гэж тус мужийн Амбан захирагч Грег Абботт өнгөрөгч мягмар гарагт мэдэгдсэн байна. Тэрээр "Одоо Техасыг 100 хувь нээх цаг болсон" хэмээн зарлажээ.
Ийнхүү Техас нь амны хаалт зайлшгүй зүүх шаардлагыг цуцалсан АНУ-ын хамгийн том муж болж байна. Үүнээс өмнө Мичиган, Луйзиана, Миссисипи зэрэг бусад мужид амны хаалтын дүрэм журмыг цуцлаад байсан юм. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа коронавирусийн дүрэм журам, хязгаарлалт зайлшгүй шаардлагатай хэвээр байгааг онцолж байгаа.
Тус улсад "Ковид-19"-ийн эсрэг вакцинжуулалтын аян эхэлснээр цар тахлын өмнөх хэвийн амьдралдаа эргэж очих итгэл иргэдийн дунд нэмэгдэж байна. Ерөнхийлөгч Байден ирэх тавдугаар сарын эцэс гэхэд АНУ-ын бүх насанд хүрсэн иргэдэд хангалттай хэмжээний вакцины хангамжтай болно хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Хэрэв АНУ-ын мужууд цар тахлын эсрэг хэтэрхий тайван хандаж эхэлбэл халдварын дөрөв дэх давлагаа эхэлж болзошгүй гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн нийт 28 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 516 мянган хүн нас бараад байна.
Эх сурвалж: BBC