НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: "Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын шинжилгээний цэгүүдийн ачаалал огцом нэмэгдсэн. Бид хоёрдугаар сарын 23-аас хойш өдөр тутам 14 суурин шинжилгээний цэгийг ажиллуулж байгаа. Хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус тус гурван цэгийг ажиллуулж байгаа.
Улаанбаатар хотын хэмжээнд таван дүүрэгт таван "PCR" шинжилгээний лаборатори ажиллаж байна. Бид өдөрт 6,000 сорьцыг шинжлэх хүчин чадалтай.
Гуравдугаар сарын 1, 2-нд ачаалал 37.2-52.9 хувиар нэмэгдсэн байна. Өнөөдөр ачаалал мөн огцом нэмэгдэх хандлага гарсан тул төвийн дүүргүүд дээр шинжилгээний 22 суурин цэгийг ажиллуулж, гурван явуулын автобусыг дайчилна.
Энэ ажиллагааны явцад бас "Юнител" компанийн системийн доголдлоос болоод техникийн алдаа гарсан. Гэхдээ бид үүнийг цаг тухайд нь засаад явсан байгаа.
Нэг цэг дээр өдөрт дунджаар 644 иргэнд үйлчлэх нөөц бололцоотой. Тэгэхээр нийт 22 цэг дээр өдөрт 14,168 иргэнд үйлчлэх нөөц бололцоо бидэнд байгаа боловч eruul.gerege.mn сайтаар цаг аваагүй иргэд үйлчлүүлж байгаагаас болоод бөөгнөрөл үүсээд байна. Орон нутаг руу нэн яаралтай явах шаардлагатай, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд бол оочир дараалалгүйгээр үйлчлүүлэх боломжтой. Тиймээс цаг аваагүй иргэд л урт дараалал үүсгэн, бөөгнөрөл үүсгэж байгаа юм" хэмээн мэдээлэл өгөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.