Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан коронавирус тойрсон цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийснийг Live TV шууд дамжуулан үзүүллээ.
Шадар сайд С.Амарсайхан:
-"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ амжилттай болсон. Тус арга хэмжээний хүрээнд одоогоор 37 голомт байгааг тогтоогоод байна. Коронавирусийн эрсдэл буураагүй хэдий ч Засгийн газраас амьдрал ахуйг аль болох хэвийн үргэлжлүүлэх боломжийг ханган ажиллаж байна. Хил болон хичээл сургууль нээх асуудал бол хүн бүрийн, тал бүрийн оролцоотой шийдэгдэнэ. Одоо шууд хэлэх боломжгүй.
-Тусгаарлах байрнуудаас дахин халдвар илрэхгүй гэж баталгаа байгаа юу?
-"Энхсаран" сувилалаас халдвар илэрсэн. Энэ нь дэглэм сахиагүй, МХЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд хариуцлага алдсан асуудал байсан. Тэрхүү эрх мэдэлтнүүдийн харьяаны байгууллага байсан учир халдвар алдсан. Иймд хариуцлага тооцох ёстой.
Одоо ч зарим тусгаарлах байрны ариутгал, халдваргүйжүүлэлт хангалтгүй байгаа талаар мэдээлэл ирсэн даруй үүрэг чиглэл өгсөн. Биелүүлэхгүй бол хатуу арга хэмжээ авна. Үүний хажуугаар лабораторийн гэх мэт сайн ажиллаж байгаа албан хаагчид байгааг дурдаж хэлмээр байна.
-Вакцинжуулалт яагаад ийм удаан байна вэ? Эрчимжүүлэх боломжгүй юм уу?
-Голомтод ажиллаж байгаа хүмүүстээ хамгийн түрүүнд хийх, үүний дараа бүх салбарын хүмүүст зэрэг хийх стратеги боловсруулан ажиллаж байна. Вакцин татан авалтыг нэмэгдүүлнэ. Цэгүүдийн тоог нэмнэ. Тарилгыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Вакцинжуулах ажлыг ямартай ч хоёрдугаар улиралд багтаан дуусгана. 18-аас дээш насны насанд хүрэгчдээ бүрэн хамруулна.
Шинжилгээний цэгүүд дээр оношлуур дууссан асуудал гарсан. Улсын нөөц хангалттай бий. Цаашид ийм зүйл гаргахгүй байх талаар анхаарч ажиллана. Хариу нь илүү түргэн гардаг шүлсээр шинжилдэг гэх мэт оношлуурыг ирэх долоо хоногоос нэвтрүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
-УИХ-ын гишүүдэд хийнэ гэсэн мэдээллийн талаар. Мөн ДЭМБ зөвшөөрөөгүй вакцинуудыг яагаад оруулж ирсэн бэ?
-Иргэд бүрэн хамрагдсаны дараа УИХ-ын гишүүд хамрагдана.
БНХАУ болон ОХУ-ын вакцинуудыг ДЭМБ энэ сарын дундуур баталгаажуулна гэсэн мэдээлэл авсан. Эдгээр вакцинуудыг дэлхийн олон оронд хэрэглэж байна.
-Нийслэлийн сургууль, цэцэрлэг дөрөвдүгээр сарын 1-нд нээгдэх үү?
-Тодорхой шийдвэр гараагүй байгаа. Халдварын эрсдэл буураагүй байгаа учир Монгол улсын Засгийн газар, УОК шийдвэрлэнэ. Дэлхийн 100 гаруй улсад мутацид орсон вирус тархаад байна. Монгол улсад орж ирэх магадлал өндөр байгаа.
-Аймгийн Онцгой комиссынхон шийдвэрийг дураараа гаргаж байна. Иргэдэд долоо хоног тусгаарлах шийдвэр гаргаж байна гэх талаар?
-Тийм асуудал гарсан. Долоо хоног тусгаарлах шаардлага байхгүй. Зарим нь 14 хоног тусгаарлах тухай ярьсан байсан. Ийм зүйл байж болохгүй. Бид цахим хурал зохион байгуулж зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Аймгийн ОК-ууд УОК-ын шийдвэрийг үгийн зөрөөгүй биелүүлэх ёстой. Цаашид ийм зүйл гарахгүй гэж найдаж байна.