Өмнөд Солонгосын зүүн хойд хэсэгт их хэмжээний цас орж, үүнээс үүдэлтэй зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, 94 хүн гэмтжээ.
Тус улсын Гангвон мужийн нутгаар 10-20 см, уулархаг хэсгээр нь 77.6 см хүртэлх цас орсон байна. Даваа гарагийн өглөөнөөс орж эхэлсэн их хэмжээний цас мягмар гарагийн үдээс хойш хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг орон нутгийн цаг уурын байгууллагууд мэдээлсэн юм. Мөн даваа гарагийн 17:00 цагийн байдлаар нийт 460 зам тээврийн осол бүртгэгдсэн болохыг Гамшиг, аюулгүй байдлын эсрэг арга хэмжээний төв штабаас мэдээлсэн байна.
Гангвон мужийн томоохон хурдны замууд дээр олон зуун автомашин гацсан бөгөөд даваа гарагийн шөнө гэхэд хөдлөх боломжтой болжээ. Амиа алдсан хүн нь хурдны замын хонгил дотор автомашинд мөргүүлсэн байна. Харин бусад зам тээврийн ослын улмаас гэмтсэн иргэдийн биеийн байдал хүнд биш байгаа гэж албаныхан тэмдэглэсэн юм.
Эрх баригчид 160 гаруй цэргийн алба хаагчийг автомашинуудыг цаснаас гаргахад туслахаар илгээсэн байна. Янгянг бүсийн засаг захиргаа 1,530 хүнд хөнжил, хүнс илгээсэн бол "Korea Expressway" корпорац зам дээр гацсан жолооч нарт 320 литр шатахууны тусламж үзүүлжээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.