Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцын мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 13108 шинжилгээ хийснээс 48 хүний сорьцонд коронавирус илэрсэн байна. Шинэ тохиолдол нь бүгд Улаанбаатар хотоос илэрсэн, аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй.
Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолуудын байршлын хувьд Баянгол дүүрэгт-7, Баянзүрх дүүрэгт – 16, Хан-Уул дүүрэгт – 11, Сонгинохайрхан дүүрэгт – 9, Сүхбаатар дүүрэгт – 5 тохиолдолд тус тус нэмж бүртгэгдсэн байна.
Харин шинээр илэрсэн халдварын голомтуудын хувьд 43 нь өмнө нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлууд буюу хяналтад авсан голомтуудаас илэрсэн бол хоёр тохиолдол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний ойрын хавьтал байгаа аж. Харин үлдсэн гурван тохиолдлын голомтын эх уурхайг тодорхойлох ажил явагдаж байна.
Ингэснээр Монгол Улс дахь “COVID-19”-ийн халдварын нийт батлагдсан тохиолдол 2021 оны гуравдугаар сарын 1-ний 09:00 цагийн байдлаар 3000 боллоо. Үүнээс дотоодод бүртгэгдсэн халдвар 2481 байна.
Халдвар авсан нийт өвчтөнүүдийн 76.7 хувь буюу 2330 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Сүүлийн 24 цагт 31 хүн эмчлэгдэж, гарлаа. Улсын хэмжээнд 655 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 574, хүнд 9, маш хүнд нэг өвчтөн байна.