АНУ-ын Калифорни мужийн гоо сайхны мэс засалч Скотт Грийн нэгэн өвчтөнд мэс засал хийж байхдаа цахим шүүх хуралдаанд оролцсон хэргээр шалгагдаж байна.
Доктор Скотт Грийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэргээр цахим шүүх хуралд оролцохдоо мэс заслын өрөөнд зориулалтын хувцас өмсөн, мэс засал хийж харагдсан бөгөөд "Zoom" дуудлагын үеэр эмнэлгийн тоног төхөөрөмжийн дуу сонсогдож байсан аж.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга түүнээс "Та шүүх хуралд оролцох боломжтой байна уу? Та мэс заслын өрөөнд байгаа юм шиг харагдаж байна" гэж асуухад Грийн мэс ажилбар хийж байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүсжээ. Гэвч шүүгч танхимд орж ирснийхээ дараа өвчтөний аюулгүй байдлын төлөө шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээс татгалзсан байна.
Скотт Грийн "Надтай хамт өөр нэг мэс засалч мэс засал хийж байна. Тиймээс тэд мэс ажилбараа үргэлжлүүлээд харин би энд зогсоод, шүүх хуралд оролцохыг зөвшөөрнө үү" гэсэн хүсэлт гаргасан ч шүүгч шүүх хурлыг хойшлуулахаар шийдэн "Хүмүүсийг эрүүл, эсэн мэнд байлгах нь чухал. Энэ бол үнэхээр чухал зүйл" хэмээсэн байна.
Калифорнийн Эрүүл мэндийн зөвлөлийн зүгээс энэ явдлыг нягтлан шалгаж байгаа бөгөөд мэс засалчдыг эмчилгээний стандартыг мөрдөж ажиллана гэж найдаж байна хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Sky News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.