Коронавирусийн халдвараас үүдэн хамгийн их эрсдэлд орсон салбар бол аялал жуулчлалын салбар. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ салбарынхантай уулзаж, уналтад ороод байгаа тус салбарыг сэргээх гарц гаргалгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Коронавирусийн халдвараас үүдэн Монгол Улсын аялал жуулчлалын салбарын орлого 2020 онд -65.5 хувийн алдагдалтай гарчээ. Мөн энэ салбарын 70 мянган ажлын байр устаж, 130 мянган ажлын байр эрсдэлтэй нөхцөлд оржээ.
Тухайлбал, зөвхөн тур оператор компаниудын 49 хувь нь ажлын байрны цомхотгол хийж, 15 хувь нь татан буугдсан байна. Зочид буудлын салбар л гэхэд 2019 онд 297 тэрбумын ашигтай байсан бол 2020 онд 131.4 тэрбум болж, -89.4 тэрбумын алдагдал хүлээжээ.
Мөн 2019 онд зочид буудлаар 900 мянга гаруй хүн үйлчлүүлсэн бол 2020 онд 45 мянга /тусгаарлагдсан иргэд/ болжээ. Үүнээс үүдэн аялал жуулчлалын салбар сэргэлт хийхэд 144 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо судалгааг гаргажээ. Үүн дотроо зочид буудлуудын салбарын газар, үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлүүлэх, тусгаарлах байрны 40 буудлын НӨАТ-ыг чөлөөлөх гэх мэт хүсэлтүүд тавьж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.