СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-23

АББАС НОЯАН: Хазарачуудын эсрэг үйлдсэн хүчирхийллүүдээс хамгийн хэрцгий нь Исламын Улсын хүчирхийлэл байлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Чингис хаан 1226 онд Хорезмыг эзэлснийхээ дараа тус улсыг захируулахаар нэг мянгатыг одоогийн Афганистаны төв хэсгийн уулархаг Бамиан хэмээн газарт үлдээжээ. Үүнээс хойш тус газрыг Хазаражат (Хазара гэдэг нь мÿнгат гэсэн утгатай перс үг) гэх болжээ. XIX зууны сүүл хүртэл Афганистан улсад хүч нөлөөтэй байсан бөгөөд тус улсын нийт хүн амын 50 орчим хувийг бүрдүүлдэг байжээ. 1890 онд Паштүнүүд засгийн эрхийг авснаар Хазара иргэдийг үй олноор хоморголон устгаж Талибуудын засаглал унах (2001) хүртэл үргэлжилжээ. Талибын дэглэм унаснаас хойш Хазара иргэдийн амьдралд гарсан дэвжилт өөрчлөлтийн талаар Афганистан Улсын Парламентын гишүүн асан Аббас Нояаныг урьж оролцууллаа.

-Сайн байна уу. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Аббас Нояан гэдэг. Би 1949 онд Афганистаны Парван мужид төрсөн. Афганистан Улсын Парламентын гишүүний албыг хашиж байсан. Одоогоор хувийн бизнесээ эрхлэхийн зэрэгцээ барилгын инженерийн ажлыг гэрээгээр гүйцэтгэж байна.

-Та өөрийнхөө бага насныхаа тухай дурсамжаас хуваалцаач? Та хаана, хэрхэн боловсрол эзэмшсэн бэ?
-Миний хүүхэд нас Афганистаны сүүлчийн эзэн хаан Захер Шах хааны засаглалын үед өнгөрсөн. Би Кабул хотын Гази Лицей гэдэг улсын сургуульд сурч, Кабулын Политехникийн их сургуулийг барилгын инженерийн бакалаврын зэрэгтэй дүүргэсэн.

-Таны аав, ээж танд юуг хамгийн их захиж захиж сургадаг байсан бэ?

-Миний аав тосгоныхоо хамгийн өндөр настай нь байсны зэрэгцээ Парван мужийн ахлагч буюу Хан байсан тул ихэнх цаг заваа мужийн оршин суугчдын гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд зарцуулдаг байлаа. Манай улсын хаан Захер Шах Афганистаны анхны Үндсэн хуулийн төслийг боловсруулах үед аав минь Афганистан Улсын Парламентын гишүүн бөгөөд Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн болсон юм. Энэ үеэс хойш аав дээр ирэх хүний тоо улам нэмэгдэж билээ. Би ааваасаа ард түмнийхээ тусын тулд уйгагүй шамдан хөдөлмөрлөхийг, хэрхэн үнэнч шударга хүн болохыг сурч өссөн.

-Таныг улс төрч болоход юу нөлөөлсөн бэ?

-Яг үнэндээ би улс төрч болно гэж бодож байгаагүй. Гэхдээ улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан. Тухайн цаг үеийн шударга бус нийгэмд хүмүүсийн амьдарч буй хүнд бэрх нөхцөлийг харж ойлгосон болохоор энэ талаар хүмүүст хэлж ойлгуулахыг хүссэн. Манай улсад 1979 онд Зөвлөлт Холбоот Улсын цэрэг орж ирэхийн өмнө миний аав, хоёр ахыг барьж хорьсон юм. Тэдэнтэйгээ дахин уулзаж чадаагүй ээ. Зөвлөлт Холбоот Улсын цэрэг орж ирсэн явдал нь манай гэр бүлийн төдийгүй манай тосгон, Афганистан улсын хувьд аймшигт хар ул мөр үлдээсэн он жилүүд байлаа. Хэлмэгдэл дарлалд өртсөн зуу зуугаар тоологдох гэр бүлүүдийн нэг нь манайх байсан. Үүнээс хойш гучаад жилийн дараа буюу Карзайн Засаглалын үед миний төрөл төрөгсөд намайг Парламентад өрсөлдөхийг санал болгосон. Мөн миний хойд аав, болон аавын хамаатан садангууд, ойр дотны хүмүүс маань ч дэмжиж эхэлсэн. Ингэснээр би улс төрд хөл тавьсан юм. 

-Талибаны дэглэм унаснаас хойших 16 жилийн хугацаанд Хазара иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ? 

-Афганистан улсад Америкчууд орж ирснээс хойш улс орны эдийн засаг өсөн нэмэгдэж, нийгэм, улс төрийн салбарт шударга ёс төлөвшин бүрэлдэж байна. Хамгийн гол нь Хазара иргэд Афганистан иргэдийн дунд амар амгалан амьдрах боломжтой болсон. Өнөөдөр Хазарачууд Афганистан улсын эрдэм шинжилгээний болон спортын салбарт, цаашилбал урлаг соёл, улс төрд хамгийн амжилттай яваа хүмүүс болж чадсан байна. Хазара иргэдийн амжилт Афганистан улсын хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд харагдаж байна. Тухайлбал Канад улсын Эмэгтэйчүүдийн сайдаар ажиллаж буй Мариам Монсеф хазара хүн. 

-Парламентын гишүүний хувьд Хазара иргэдэд тулгамдаад байгаа, нэн даруй шийдвэрлэх ёстой ямар асуудлууд байна вэ?

-Хазарачууд бид хөдөлмөрч, эв түнжин сайтай. Бидэнд чадлаараа хөдөлмөрлөж, бүрэн боломжоо дайчлан амьдрахад хэрэгтэй хамгийн чухал хүчин зүйлс бол амар тайван, аюулгүй байдал гэж үздэг. Харамсалтай нь 21 дүгээр зуунд Хазарачууд бид байгаль орчны хоригдол болж, Афганистан улсын уулархаг газар нутгийн төвд буюу Баба болон Хинду Куш уулсын бүс нутагт оршин сууцгааж байна. Бартаа саад ихтэй байгалийн бүсэд амьдарч буйгаас шалтгаалаад Засгийн газраас хангалттай үйлчилгээ үзүүлэх боломжгүй байдаг. Тухайлбал хахир хүйтэн өвөл, зам хөлдөж мөстдөг учраас Хазара иргэд эмнэлгийн үйлчилгээ, сургууль, худалдаа наймаа зэрэг амьдралын анхан шатны хэрэгцээндээ хүрэх боломжгүй нөхцөлд амьдарч байна.

-Хазара хүмүүс Афганистаны парламентад төлөөлөлтэй болсноор Хазара хүмүүст тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх ямар давуу талууд бий болсон бэ?

-Афганистан Засгийн газраас Хазара хүмүүст тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар хийгдсэн ажил чамлалттай байгаа. Хазара иргэдэд тулгарч байгаа үндсэн асуудлууд нь тогтолцооны сул бөгөөд тогтворгүй байдал. Гэхдээ энэ асуудал Афганистан улсад ч гэсэн тулгараад байгаа юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэж чадвал Хазарачууд бидний өсөн хөгжих боломж үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ. 

-Афганистан Улсын Парламентын гишүүний эрх хэмжээ нь хэр их байдаг вэ? Танай парламент цөөнх буюу сөрөг хүчний дуу хоолойг хэр сонсдог вэ?

-Хялбар хариулчихаж боломгүй ээдрээтэй асуулт байна. Одоогийн байдлаар Хазарачууд Парламентын гишүүдийн 20 орчим хувийг эзэлж байгаа нь Хазара иргэд тодорхой хэмжээний төлөөлөлтэй байгааг харуулж байна. Гэвч сонгогчдын эрх ашиг, тэдний бүлэг болсон нэгдлүүд болон улс төрийн бүлэглэлүүдийн нөлөөллийн дор ажиллаж байхдаа аль нэг овог отгийн юм уу аль нэг үндэстний эрх ашгийг илэрхийлсэн байдлаар хууль тогтоох үйл ажиллагааг явуулна гэдэг хэцүү, тэгэх нь ч зохисгүй.

-Хазара хүн сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд ямар нэгэн бэрхшээл байдаг уу? Та парламентын гишүүнээр сонгогдохдоо ямар эрсдэл, сорилтуудыг даван туулсан бэ?

-Парламентын сонгуульд өрсөлдөхөд тийм хүнд бэрхшээлтэй учирч байгаагүй. Харин ерөнхийлөгчийн сонгуульд бол улсын хүн ам зүйн нөхцөл байдал нөлөөлөх нь дамжиггүй. Афганистан улс бол эдийн засгийн бэрхшээл, аюулгүй байдлын болон геополитикийн хүнд нөхцөл байдлыг даван туулахын тулд үндэсний нэгдсэн дүр төрхийг бий болгох гэж ихээхэн хичээж байгаа ардчилсан зарчимд шилжээд удаагүй улс шүү дээ.

-Афганистан улсад амьдарч буй Хазара хүмүүсийн амьдралын чанар, нөхцөл байдал Пакистан улсад байгаа Хазаруудын нийгэмд эзэлж буй байр суурь ялгаатай санагдсан. Энэхүү ялгаатай байдлыг өөрчлөхөд чиглэсэн ямар бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлж
байгаа вэ?

-Миний хувьд Пакистан дахь Хазарачууд болон Афганистан дахь Хазарачуудын хооронд онцын ялгаа байхгүй гэж хэлнэ. Афганистан улс 40 гаруй жилийг байнгын дотоодын зөрчил дунд өнгөрүүлсэн улс. Тухайн түүхэн цаг үеүүдэд Хазарачууд Афганистан улсын нийгмийн хамгийн доод ангид хамаардаг, нийгмийн хамгийн бага халамж хүртдэг хүмүүс байсан. Харин Талибчуудын засаглал нуран унаснаар олон жилийн дотоодын зөрчил, мөргөлдөөн дуусч, улмаар шинэ дэглэм тогтсоноос хойш энэ нийгмийн ялгаварлалыг засан залруулж чадсан юм. Одоо Афганистан болон Пакистан улсад амьдарч байгаа Хазарачуудын ялгаа гэвэл тус тусын улсын
хүн амд эзлэх үндэстний тоо хэмжээ л байна. Ийм л ялгаа байгаа. Пакистан улсад Хазарачууд энгийн л хүмүүс. Афганистан
улсад тулгарсан хүндрэл, бэрхшээлүүдээс үүдэн иргэдийн эдэлж чадахгүй байгаагаас бусад эрх болон бүрэн эрхүүдийг Хазарачууд
ижил тэгш байдлаар эдэлж амьдардаг. 

-Хазара хүмүүсийн амь насанд халдах, зүй бусаар харьцах явдал хэр их гарч байгаа вэ? Жилдээ хэчнээн ийм тохиолдол бүртгэгдэж байна вэ?

-Хазарачууд бид хэзээ ч Афганистаны бусад иргэдийн нэгэн адил ая тухтай, сайн сайхан амьдралыг үзээгүй хүмүүс. Ялангуяа Абдул Рахман хаан болон Надир Шах хааны үед, мөн сүүлд Талибын дэглэмийн үед бидний эсрэг хүчирхийлэл их гарч байсан. Үүнээс хамгийн хэрцгий нь Исламын Улсын хүчирхийлэл байлаа. Бүхэл бүтэн үндэстнийг бүлгээр нь ялгаварлан зүй бус харьцаж байгааг баримтжуулан нотлох хэцүү. Гэхдээ миний өмнө дурдсан тэр цаг үеүдэд хэт тахин шүтэх, хэт туйлшрах үзэлтнүүдийн өөрсдийнх нь тэмдэглэсэн, дүгнэснийг судлахад л Хазарачуудын эсрэг хүчирхийлэл тодорхой харагддаг шүү дээ.

-Афганистаны Хүний эрхийн Хараат бус Комиссоос үндэстний цөөнхийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж буй үйл ажиллагааг та хэрхэн үнэлж байна вэ?

-Афганистан нь 30 орчим сая хүн амтай атлаа засгийн газрын үйл ажиллагаа нь томоохон хотуудад болон худалдааны цэгүүдэд л хүрдэг ийм л улс. Үүнээс гадна ч Афганистан улс амар тайван, аюулгүй бөгөөд тогтвортой нийгмийг байгуулж чадаагүй байна. Эдгээр болон бусад олон зүйлээс шалтгаалан тус улсын Хүний эрхийн хараат бус Комисс нь зөвхөн томоохон хотын төвүүд болон засгийн газрын үйл ажиллагаа хүрсэн тухайн газруудаар хязгаарлагдсан хүрээнд л хүрч ажиллах боломжтой байдаг. Гэвч үүнийг эс тооцвол манай Хүний эрхийн хараат бус Комисс бусад улсын ижил байгууллагуудтай л адил түргэн шуурхай, идэвх санаачлагатай aжилладаг. Өнөөгийн энэ үймээн бүхий тогтворгүй цаг үед нийтийн аюулгүй байдлыг бий болгож чадсан ард түмэн энэ байгууллагын үйл ажиллагааг ч гэсэн илүү өндөр түвшинд хүргэж ажиллах ёстой.

-Та бүхэн өөрсдийнхөө эрхийг хамгаалах, амьдралынхаа чанар боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Хазарчууд бол тун ч авъяаслаг бөгөөд хөдөлмөрч хүмүүс. Гэвч эрх тэгш, шударга байдлыг тун удахгүй цогцлооно байх гэсэн найдвар бидэнд алга. Энх тайван бөгөөд аюулгүй амьдарна гэж найдах ч мөн өдий байна. Афганистан улс үндэстнүүдээ нэгтгэхээр оролдож буйтай нэгэн адил Хазарачууд эрх чөлөөнд хүрэх замынхаа дунд л явна. Үүнийг эс тооцвол Хазарачууд Афганистан улсын төдийгүй дэлхий дахины хөгжилд хувь нэмэр оруулж чадах чадварлаг үндэстэн гэдгээ дахин дахин батлан харуулж байна.

-Хазара иргэдийн хүч нөлөөг нэмэгдүүлэх, тэдний эрхийг хамгаалахын тулд Засгийн газартаа хэрхэн нөлөөлж ажиллаж байгаа вэ?

-Афганистан улсын боловсрол өндөртэй иргэдийн хувьд Хазарачууд иргэний нийгмийн болон бүлгийн зэрэг зохион байгуулалтын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Бахархалтайгаар хэлэхэд Хазарачууд иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүд болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд зохион байгуулах түвшинд оролцож байна. Дайн, хүчирхийллээс өөрийг үзэж туулаагүй энэ улсад Хазарачууд өөрсдийн эрхийг эдлэхийн төлөө энхийн замаар тэмцэж байна.

-Хазарчуудын амьдрал 20 жилийн дараа ямар болно хэмээн та бүхэн төсөөлж байна вэ?

-Энэ нь тухайн үед иргэдийнхээ амар амгалан, тогтвортой байдлыг хангах, дэд бүтэц, худалдааг хөгжүүлэх зорилгоор төр нь иргэддээ хэдий чинээ дэмжлэг үзүүлэх чадвартай байхаас ихэд хамаарах асуудал. Түүнчлэн дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал буюу Афганистан улс өнөөгийн энх тайванд хүрсэн байдлаа хадгалж үлдэж чадах эсэх нь ч үүнд нөлөөлнө. Харин нийгмийн тэгш бус, тогтворгүй байдал арилж, энх тайван ноёлсон цагт 20 жилийн дараа Хазара үндэстний амьдрал илэрхий дээшилсэн байна гэдэгт би итгэлтэй байна. Өнгөрсөн 16 жилийг бодоход л тэдний амьдрал илт дээшилж, Афганистан улсын хамгийн амжилттай яваа иргэд болж чадсан байна. 

-Олон Улсын хамтын нийгэмлэгийн байгууллагаас үндэстний цөөнх болсон Хазарачуудад зориулсан төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, хүрсэн бодит үр дүн ямар байна вэ?

-Афганистаны ард түмэнд чиглэн үүсгэсэн, эхлүүлсэн, хэрэгжүүлсэн, үр дүнг нь танилцуулсан төсөл хөтөлбөрүүдийг тоолж баршгүй. Харин тусгайлан Хазара үндэстэнд чиглэсэн төсөл хөтөлбөр тэр дунд цөөн байсан. Үүнээс сайн, муу аль аль тал харагдана. Сайн тал нь гэвэл нийгмийн эмзэг хэсэг бүлгийг олж чиглэсэн цөөн төслүүд нь дориун үр дүнд хүрсэн байдаг. Харин муу тал нь ийм төсөл хэт цөөн байсан бөгөөд тухайн орон нутагт худалдааг хөгжүүлэх болон төрийн үйлчилгээ хүргэх тал дээр үр нөлөө багатай байсан явдал юм. Хэдий тийм боловч цөөн тооны эдгээр төсөл, хөтөлбөрүүд нь Хазарачуудад Афганистан улсын үлгэр жишээ иргэд болох замыг нь гэрэлтүүлж, аян замд нь дэм болж чадсан юм. Цаг зав гарган манай сэтгүүлд ярицлага өгсөн танд баярлалаа.

 

Энэхүү ярилцлагыг миний бие ХЭҮК-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаар ажиллаж байх үедээ ХЭҮК-оос эрхлэн гаргадаг "Хүний эрх" сэтгүүлийн 2017/01 дугаарт хэвлүүлж байв. Хазара хүмүүсийн туулсан замнал, хүнд сорилт, сүүлийн үед амьдрал ахуй, нийгэмд эзлэх байр суурь нь хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан энэхүү ярилцлага нь Хазара судлаач нарт хэрэг болох нь дамжиггүй хэмээн үзэж орууллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

Yamar uruvdulteo yumbe

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.169

Оросууд үнэн хэрэгтээ үргэлж хүнии нутагт хүчирхийлэл аллага үйлдэх юм

zochin
3 жилийн өмнө
66.181.179.199

talibud ger bulii ni bairitsaalj bgaad orosiin esreg bailduulsan baihgvi uy ugaasaa dainch ard tvmen uchraas ih hohirol uchruulsan

Зочин
3 жилийн өмнө
66.181.177.213

Хазарын хаант улс Ижил мөрний адаг Арал тэнгис орчмын уудам талд 300 гаруй жилийн турш оршин тогтнож байгаад 900 -д оны үед мөхөж үгүй болсон тухай түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Энэ Хазарачуудын хойчис тарж бутарсаар Афганистан Пакистанд Иран Ирак орнуудаар суурьшсан байдаг тухай Англи Орос Турк нийтлэл судалгаа олныг үзэж болно. Дэлхий даяар монголжуу төрхтөн (монголойд) гэж тодорхойлсныг манайхан монгол гэж байна гэж ойлгосноос төөрөгдөл үүссэн байна. ДНК шинжилгээ ч зөрүүтэй Казактай ижил гэж гарсан тухай үзэж байсан.

Зочин
3 жилийн өмнө
202.131.229.35

АНУ , Хятад 2 л талибануудыг дэмжиж энэ улсыг самарсан байх. Ангилчууд 1800 оны сүүл үед бас талибануудын талд орсон байдаг байхаа. Хазарачуудын талыг нь хоморголон устгасан гэсэн байсан.

Зочин
3 жилийн өмнө
66.181.187.234

Ishsh hoorhii tolgoi ni ergesen uls torch ch bol doo. Talibanchuudiig hen dollaraar tsalinjuulj ajilluuldagiig ihen humuus medne.

All
3 жилийн өмнө
202.126.90.91

Oros golognvvd ygaasaa hvn chanarg aimhai boosnvvd shvv orosd tyba halimag hazara manj gd negdchihvii ghees vhteleej iaj bsn yum shg bga orosch geltgvi ene delhii mngliig ch ter hedn myangaar ni vgvi hiih ve de erliizeez vldtel ni

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.112

Hazaruud bol mongol bish

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.