СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-02-17

Монголын кино урлагт мөнхөрсөн ээж

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д. Пүрэвсүрэн
3 жилийн өмнө

Тайз, дэлгэцэнд үлдээсэн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн жүжигчид олон бий. Тэдний тухай эргэн дурсахад, ээж аав шиг, элгэн садан шиг, дотнохон нөхөд шиг санагдах. Тэр л дахин давтагдашгүй дүрээрээ монгол түмний сэтгэлд мөнхөрсөн жүжигчдийг нэг бол ардын жүжигчин Чимидийн Долгорсүрэн. 

Дүрийг “ургуулдаг” жүжигчин

Түүнийг Монголын кино урлагийн түүхэнд олон сайхан ээжийн дүрийг бүтээснээр нь үзэгчид андахгүй. Тэрээр анх “Танкист морин цэрэг” уран сайхны кинонд тоглосноор дэлгэцийн уран бүтээлд хөл тавьжээ.  Түүнээс хойш “Алтан өргөө”, “Манай аялгуу”,  “Цогт тайж”, “Салхины амт”, “Үер”, “Тунгалаг тамир”, “Нэг ангийхан”, “Гул аранжин” кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн нь бий.  Үзэгчдийн сэтгэлд хамгийн тод үлдсэн нь “Цогт тайж” киноны Хулан, “Нар хиртсэн жил” киноны хүүгээ хүлээсэн ээжийн дүр юм. “Нар хиртсэн жил” кинон дээр нас барсан хэмээн бодож байсан хүүгээ  ороод ирэхэд хоёр хөгшин яаж тэвдэж байгаа сэтгэл догдлуулам хэсэг бий. Эцэг нь “хөгшөөн хүү” хэмээн нүдэндээ итгэж ядан хэлтэл,  эх нь сүү хөөрлөө гэж  андууран “сүү юү” хэмээн ухасхийн цай дусааж байдгийг уншигч та санаж байгаа биз ээ. Жүжигчин Ч.Долгорсүрэнгийн гайхалтай авьяас энэ хэсэгт тод гардаг. Учир нь хүүг, сүү гэж андуурах эхийн байдлыг найруулагч бус жүжигчин өөрөө олжээ. Нас барсан хүүгээ гэнэт ороод ирэхэд эх хүн яаж хүлээж авах вэ гэдэг мэдээж амаргүй. Энд л тэрээр жүжигчний төрөлхийн зөн мэдрэмжээр “сүү юү” хэмээн андуурч буй нь үзсэн хэн бүхний сэтгэлийн утсыг хөнддөг. Түүний бүтээсэн дүрүүд дэндүү энгийн мэт атлаа тухайн киноныхоо шигтгээ болдог юм уу гэмээр. “Өнөр бүл” кинон дээр хөдөөнөөс ирсэн “будилааны эзэн” эмээгийн дүрийг бүтээдэг. Түүний замаар гарах гэж тэвдэж байгаа, орон сууцны айлд хэрхэн тавгүйтэж байгаа зэрэг нь ёстой л хөдөөний хүнийг санагдуулам.

Зурвасхан гараад өнгөрөх дүрийг ч үзэгчдийн сэтгэлд үлдтэл бүтээнэ гэдэг тухайн жүжигчний авьяасаас гадна асар их хөдөлмөр байдаг ажээ. Жишээ нь, “Үер” кинонд Болдын эхнэр Цэвэлмаагийн дүрийн утас ээрч байгаа хэсэгт тоглохын тулд Ч.Долгорсүрэн гэртээ хэдэн долоо хоног ээрүүл барьж суусан гэдэг. Хэдхэн секунд гараад өнгөрөх дүрийг бүтээхийн тулд л тэр шүү дээ.  Хамгийн сүүлд тэрээр Хятадын алдарт найруулагч Шей Фейгийн “Ганган хар” киноны гол дүрд тогложээ. Түүний дүр “Ганган хар” дууг дуулах ёстой байж л дээ. Ч.Долгорсүрэн тэр дууг сурахын тулд зунжингаа дуулж байж, дүрийг бүтээжээ. Ямар сайндаа л зуслангийнхан нь “Долгорсүрэн гуай яасан их дуулдаг юм бэ гэж” хэлж байхав. Тэрхүү кино Канадын “Монреал”-ын кино наадмын шилдэг найруулагч, шилдэг хөгжмийн зохиолыг авсан юм. Уг кинонд тоглосны дараа дэлхийд алдартай найруулагч Шей Фей  Ч.Долгорсүрэнг “Ширгэшгүй авьяастай жүжигчин” гэж хэлж үнэлсэн нь түүнийг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөх жүжигчин гэдгийг илтгэнэ.  

Тэрээр театртаа илүү хайртай

Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн тайз, дэлгэцийн  200 гаруй дүр бүтээснээс жин дарах хэсэг нь Монголын тайзнаа тавигдаж байсан дэлхийн бүхий л сонгодог жүжгүүдийн дүр байв. Тиймдээ ч киноноос илүү театртаа хайртай байсан гэдэг. Кино, жүжгийн дүрүүдэд тоглох санал зэрэг ирвэл тайзны жүжгээ л сонгодог байсан аж. Алдарт “Отелло”-гийн Дездамоноос эхлээд Чингис айтматовын “Эхийн дууль”-ийг Ч.Долгорсүрэнгийнх гэсэн мөн чанарыг шингээн, гайхалтай бүтээсэн байдаг. Түүнд зориулж бичсэн жүжиг ч бий. ”Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа хатны дүрийг Ч.Долгорсүрэнд зориулан бичсэн ч харамсалтай нь биеийн байдлаас болж тоглож чадаагүй ажээ. Тиймээс энэ дүрээ өөрийн биеэр ардын жүжигчин Г.Мэндбаярт өгч, тоглуулж байв.

Тэрээр анх 1936 онд театрт ирсэн бөгөөд Монголын анхны жүжгүүдийн нэг болох Ши. Аюушийн “Яг 18”-ийн Гаваасүрэн тоглож, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”-н Насансалмаад дуулж байсан удаатай. Ер нь анх урлагийн хүн болох замнал нь дуу, хөгжмөөс эхтэй. Багадаа үдэшлэг, уулзалт дээр мандалин хөгжим тоглодог байсан нь явсаар театрын үүдийг татахад хүргэжээ.  Энэ мэт ”Их авхай”, “Сүрэг чоно” “Тэмцэл”, “Оролмаа”, “Ээдрээ” зэрэг жүжгүүдэд тоглосон байна. Тэрээр тайзан дээр ч, дэлгэцэнд ч голдуу эерэг дүрийг  бүтээдэг байснаасаа татгалзаж, сүүлийн үед сөрөг дүр бүтээсэн байдаг. Тухайлбал, “Мичдийн зургаан гялаан” кинонд хүүгээ хүлээж байгаад нас бардаг ээжийн дүрийг өгөхөд нь өөрөө хулгайч эмгэнд тоглохыг сонгож байсан аж.  

Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол алдаж болохгүй

Тэрээр алдаж боломгүй гэгээн хайрын эзэн байсан юм. Учир нь Урлаг, утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн тэдний гэр бүлийн хамгийн том баялаг нь хайр байжээ. “Ээж аав маань нэгийгээ ажлаас нь ирэхэд бие биеийгээ хүүхэд шиг дагаад л явна. Аавыг 00-д орсон ч ээж хаалган дээр нь зогсоод л ажил дээрээ болсон зүйлээ нэгд нэгэнгүй ярьдаг байсан. Нас барахынхаа өмнө хамгийн сүүлд аавийн минь хэлсэн үг “Догоо чиний дуу холдоод байна” гэдэг үг байсан юм. Үнэхээр агуу хайр байсан ” хэмээн охин Л.Насанбаяр нь дурсав.

Агуу хайрын эзэд дунд сургуульд бие биеийгээ олж харжээ. Үлгэр жишээ дунд сургуульд Ч.Лодойдамба, гурвын нэг гэдэг тэргүүний сурагчдын ангид, Ч.Долгорсүрэн доод ангид нь сурдаг байжээ. Тухайн үед хөвгүүд нь охиддоо ирээдүйд хамтран амьдрах гэрээ бүхий захиа бичдэг байж л дээ. Энэ ёсоор Ч.Лодойдамба, “Хоёулаа сургуулиа төгсөөд гэр бүл болъё. Би чамд хайртай. Гэрээ байгуулъя ” гэсэн захиа бичжээ. Гэвч захиа өгсөн авсандаа хэн хэн нь ичиж, зугтаж явсаар Ч.Лодойдамба Эрхүүд сурахаар явжээ. Тэндээс төгсч ирээд Намын төв хорооны лектороор театрт ирж, лекц уншдаг болов. Энэ тухай тэрээр сүүлд нь ярихдаа, “Би сайндаа ч лекц уншдаггүй байв. Зөвхөн Догоод сайхан харагдах гэж очдог байсан” гэжээ. Ийнхүү тэд эргэн учирч, Ленин клубт болдог бүжгэнд хамт очдог болсноор нэг л өдөр Ч.Лодойдамбын аав Чадраабал цагаан морин тэрэг хөлөглөж ирээд, бэрээ нүүлгэж аваачсан гэдэг.

 “Ээжийн хууль гэж айхтар зүйл бий”

Хайртай хань нь ид хийж бүтээх насандаа хорвоогоос хальж, Ч.Долгорсүрэн дөрвөн өнчин хүүхэдтэй үлдэв. Тэрээр мөн өөрөө багадаа эхээсээ өнчирч, амьдралын хатуу ширүүнийг эрт үзсэн нэгэн. Ууланд төрсний учир нь Гамингуудаас зугтан ээж Сэрчмаа нь ууланд нуугдаж байхад нь тэрээр төрсөн аж. Ээжийг нь нас барсны дараа нь хоёр дүү нь насан өөд болсон юм билээ. Аав нь цэргийн хүн учраас бараг гэрийн бараа хардаггүй, дүү Гадимаатайгаа үлддэг байжээ. Өдгөө дүү нь 80 насыг зооглон, амьд сэрүүн байгаа юм. Тиймээс дөрвөн хүүхдээ эцгийн хайраар дутаалгүй өсгөсөн аж. Гурван охиных нь нэг Л.Насанбат нь ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн ганц хүн. Харин аавыгаа дуурайсан бичгийн хүмүүс ач, зээ нараас нь төрж байгаа юм билээ. Хүү Л.Галбадрахын охин Г.Буяндэлгэр нь анхныхаа номыг гаргаад байгаа бол охин Насанбаярынх нь хүү Э.Өлзийдамба яруу найргийн ном гаргахаар зэхэж байгаа гэсэн . Ер нь Ч.Долгорсүрэнг өөртөө зориулсан Монголын хамгийн олон уран бүтээлтэй хүн гэхэд буруудахгүй биз ээ. Учир нь Ч.Лодойдамбын бүтээл болгонд түүний зан төрх шингэсэн байдаг гэж охин Л.Насанбаяр ярьж байв. Тухайлбал, Ч.Лодойдамба “Энэ хүүхнүүд үү” киноны Жамц даргын эхнэрийн дүрийг гэргийдээ зориулж бичжээ. Мөн “Солонго” өгүүллэгт эхнэрийнх нь зан төрх шингэсэн байдаг. Охин Л.Насанбаярын ярих нь , “Манай гэрт ээжийн хууль гэж айхтар зүйл бий. Хэлж байсан үг нь одоо хүртэл амьдралд хэрэг болдог. Ээж маань ямар ч хүнд амьдралд нь сургамж болох зүйл заавал үлдээдэг байсан. Харин аав маань бидэнтэй байнга тоглоно. Хавийн хүүхдүүд манайд цугларна. Аав тэднийг гурван дугуйт дээр тоглуулдаг байсан. Одоо бодоход зохиол бичих цагийг нь яасан их авдаг байсан юм бэ. 40мянгатад байхад телевизтэй цөөхөн айл байсны нэг нь манайх. Телевиз үзэх гэж байрны бүх хүүхдүүд орж ирээд суучихдаг байсан”

Ийнхүү Монголын кино урлагт ч амьдрал дээрээ ч тэнгэрлэг сайхан ээжийн дүрээрээ бидний сэтгэлд мөнхөрсөн ардын жүжигчин Ч.Долгорсүрэнг хэзээ ч мартахгүй ээ.

2010 он

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.